Төгсөгчдөд ажлын байр зуучлах “MUST-NETWORKING BREAKFAST” арга хэмжээ боллоо

ШУТИС-аас төгсөгч оюутнууддаа зориулан ажил олгогч байгууллагуудыг урьж “MUST-NETWORKING BREAKFAST” арга хэмжээг 2018 оны 01 сарын 22 нд зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь төгсөгч оюутнууддаа  “хөдөлмөрийн зах зээл дээр өөрийгөө хэрхэн борлуулах вэ? сэдэвт сургалтыг цувралаар хүргэж тэдгээр оюутнуудаа ажлын байранд зуучилж буйгаараа онцлог боллоо.

Энэхүү арга хэмжээг Оюутны соёл, үйлчилгээний алба, БуХС-ийн багш нарын  “Алтангадас” клуб, Интернэшнл эйч ар аутсорсинг консалтинг компани хамтын ажиллагааны хүрээнд хамтран зохион байгууллаа.    

 

Арга хэмжээг нээж ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, Академич, шинжлэх ухааны доктор Х.Энхжаргал үг хэллээ. Тэрээр ШУТИС-ийн 60 хөтөблөр 100 мэргэжлээр бакалаврын 990, магистрын 330 орчим оюутан төгсөж байгааг дурьдаад энэхүү арга хэмжээ нь төгсөгч оюутнуудад ажлын байранд гарахад шаардлагатай мэдлэг мэдээллийг цуврал сургалтаар хүргэж тэдгээр оюутнууддаа төгсөх энэ цаг мөчид нь ажлын байранд зуучлах гэж байгаа нь их сургуулийн төгсөгчдөд хэрэгтэй үйл ажиллагааг бид багш нартайгаа хамтран зохион байгуулж байгаа нь үр дүнтэй харагдаж байна. Бид энэхүү үйл ажиллагааг цаашид дэмжин сургалтанд төгсөгчдийг бүрэн хамруулах талд анхаарч ажиллана хэмээн хэллээ.

БуХС-ийн багш нарын  “Алтангадас” клубийн ахлагч, профессор Ц.Энхбаатар 2017 оноос төгсөгч оюутнуудыг ажил эрхлэлтэнд чиглүүлэх цуврал сургалтыг БуХС-ийн төгсөгчдөд зориулан зохион байгуулж сургалтаар оюутнуудыг ажлын ярилцлаганд бэлтгэх, өөрийгөө хэрхэн танилцуулах, улмаар карьераа хэрхэн хөгжүүлэх зэрэг мэдлэг чадваруудыг олгож байсан. Энэ хичээлийн жилээс тухайн сургалтыг ШУТИС-ийн хэмжээнд “Алтангадас” клубийн багш нар ОСҮА-тай хамтран зохион байгуулж байна хэмээн хэлсэн.

Тус арга хэмжээг анх удаа диплом гардуулахын өмнөх өдөр зохион байгуулж, сургалтанд бүрэн хамрагдсан оюутнуудаа ажил олгогч байгууллагын хүмүүстэй шууд ярилцлага хийлгэн ажлын байранд зуучилсан нь үр дүнтэй байв. 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улиралд 100 орчим оюутныг хамруулснаас 20 орчим оюутан ажлын байртай болсон байна.

 

Ажил олгогч байгууллагуудаас Магнай трейд ХХК, Гоёо ХХК, Рендер ХХК (зураг төсөл, интерьер, тавилга үйлдвэрлэл), BSB ХХК, Эко бүтээл ХХК (тавилга үйлдвэрлэл), Монос ХХК,  Алтан жолоо ХХК, “Жимобайл”, Дашваанжил, Болд төмөр ерөө гол ХХК, Central express CVS, Consulting firm, Үүр тээл ХХК зэрэг байгууллагууд оролцлоо.

Арга хэмжээний төгсгөлд сургалтанд хамрагдсан оюутнууддаа сертификат гардууллаа.

Оюутны хөгжил, үйлчилгээний алба

Алтангадас клуб