Нийгмийн ухааны салбарын “Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл” сэтгүүл олон улсын дугаартай хэвлэгдэх боллоо

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны салбар нийгмийн шинжлэх ухаанд тулгамдаж буй олон талт асуудлыг судлан тодорхойлох, нийгмийн ухааны сургалт, судалгааны үүрэг, ач холбогдлыг олон нийт, мэргэжлийн хүрээнд сурталчлан таниулах, нийгмийн ухааны судлаач, эрдэмтдийн судалгааны үр дүн, туршлага, ололт, амжилтыг Монголд төдийгүй олон улсад сурталчлах зорилгоор “Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл” сэтгүүлийг эрхлэн хэвлүүлдэг билээ.

Тус сэтгүүлд өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллийн чанар, ишлэл татагдсан байдал болон бусад холбогдох үзүүлэлтүүдийг харгалзан Цуврал бүтээлийн олон улсын стандарт дугаар олгох байгууллага (IC, ISSN) 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн манай салбарын сэтгүүлд олон улсын бүртгэлийн дугаар олгож, монголын судлаачдад орон орны эрдэмтэдтэй хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, өөрсдийн туурвисан бүтээлээ олон улсад нийтлүүлэх зэрэг олон боломж нээж өглөө.

Тус сэтгүүл нь

1. Нийгмийн шинжлэх ухааны онол, арга зүй;

2. Төрийн удирдлага, улс төрийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал;

3. Нийгмийн ажил-Нийгмийн халамж, хамгаалал;

4. Нийгмийн сэтгэл судлал-Боловсрол судлал;

5. Олон нийтийн харилцаа (PR)-Коммуникаци;

6. Нийгмийн инноваци гэсэн үндсэн хэд хэдэн чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авна.

Та бүхэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар 000171951, регистрийн дугаар 8291306), Цуврал бүтээлийн олон улсын стандарт дугаар (ISSN 2618-1649, ISSN-L 2618-1649)-тай манай сэтгүүлд өөрсдийн туурвисан эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлэхийг уръя. Та бүхэн манай сэтгүүлд өгүүллээ нийтлүүлснээр өөрсдийн бүтээлээ олон улсын эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, бүтээлийн хураангуйгаа олон улсын тогтмол хэвлэлийн санд байршуулах зэрэг олон давуу талтай болно.