Газрын тосны Зөвлөх, Мэргэшсэн инженерийн сургалт, гэрчилгээжүүлэлт


2-р сар. 26, 2019, 7:45 a.m.

Энэ оны эхээр УУХҮЯ, ШУТИС, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгээс эрхлэн, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төв (ГТССМТ)-өөс хариуцан Газрын тосны салбарын Мэргэшсэн мэргэжилтний 5 дахь удаагийн сургалтыг зохион байгуулав. Энэ удаагийн сургалтаар Газрын тосны Зөвлөх инженер-2, Газрын тосны хайгуул-олборлолтын (дээших урсгалын)- 4, Газрын тосны боловсруулалт-хангамжийн (дооших урсгалын)-16 Мэргэшсэн инженер, нийт 22 мэргэшсэн мэргэжилтэн шинээр бэлтгэгдэж, өмнө нь Барилгын хөгжлийн төвөөс олгогдсон 5 хүний мэргэшсэн зэргийг сунгав.

            Эдгээр мэргэшсэн мэргэжилтнүүдийн Гэрчилгээ, тамгыг гардуулах арга хэмжээ УУХҮЯ-ны хурлын танхимд болж, УУХҮЯ-ны Газрын тосны хэлтсийн дарга, доктор Ч.Хишигдалай, Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн Гүйцэтгэх захирал, ШУТИС-ийн ГТССМТ-ийн захирал, Зөвлөх профессор, техникийн ухааны доктор, Олон улсын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн Ж.Цэвээнжав, УУХҮЯ-ны ахлах мэргэжилтэн, доктор А.Пүрэв, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор М.Оюунтөгс нар Мэргэшсэн, Зөвлөх инженерүүдэд гэрчилгээг гардуулав.

 

            Гэрчилгээ гардуулалтын үеэр УУХҮЯ-ны Газрын тосны хэлтсийн дарга, доктор Ч.Хишигдалай баяр хүргээд Газрын тосны Мэргэшсэн мэргэжилтнүүдэд хандаж эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажилдаа тууштай зүтгэж, Мэргэшсэн мэргэжилтний гүйцэтгэх үүргийг сайн биелүүлж, ёс зүйг чанд сахиж ажиллахыг зөвлөв. ШУТИС-ийн ГТССМТ-ийн захирал, Зөвлөх профессор Ж.Цэвээнжав Мэргэшсэн мэргэжилтнүүдийн ихэнх нь ШУТИС-ийн шавь нар байгааг бахархан тэмдэглээд цаашид эрдэм оюуныг эрхэмлэн дээдэлж, сурсан мэдсэнээ залгамж үедээ уламжлуулах, зааж сургах, сургууль багш нар, Мэргэжлийн холбоо, мэргэжлийн хүмүүстэйгээ байнга холбоо, харилцаатай байж, эх орны бүтээн босголтонд их хувь нэмэр оруулахыг ерөөв. ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор М.Оюунтөгс энэ жил тохиох ШУТИС-ийн 60 жилийн ойн арга хэмжээнүүдэд төрөлх сургуулийнхаа шавь нарыг идэвхтэй оролцохыг уриалав.