“Дэлхийн усны өдөр”-т зориулсан нээлттэй семинар амжилттай болж өндөрлөлөө


3-р сар. 1, 2019, 1:06 a.m.

Жил бүр болдог олон улсад тэмдэглэдэг “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан ГУУС-д Фулбрайтын тэтгэлгээр ажиллаж байгаа АНУ-ын Агаарын нисэх Хүчний Технологийн Институтийн профессор Марк Гольц, АНУ-ын элчин сайдын яамны Байгаль орчин, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Жеффрей С. Жозеф нар оролцсон нээлттэй семинарыг  2019 оны 2-р сарын 27-ны өдөр ШУТИС дээр зохион байгууллаа.

Профессор Марк Гольц “Бохирдсон газар доорх усны нөхөн сэргээлтийн судалгаа” сэдэвт итгэлээр дэгдэмхий органик нэгдлээр бохирдсон газар доорх усыг хэрхэн нөхөн сэргээсэн талаарх шинэ арга туршлагаа хуваалцлаа.

АНУ-ын Агаарын нисэх Хүчний Технологийн Институтийн профессор Марк Гольц

Бохирдсон газар доорх усыг нөхөн сэргээх хамгийн шилдэг арга нь био-нөхөн сэргээлт юм. Дэгдэмхий органик нэгдлүүдийг бид нар ахуйн хэрэглээ, үйлдвэрлэл үйлчилгээнд өргөн хэрэглэдэг бөгөөд энэ дэгдэмхий органик нэгдэл нь шатахуун түгээгүүрийн газар, хими цэвэрлэгээ, томоохон үйлдвэрүүдийн хаягдлаас газрын гүнд нэвчин газар доорх усыг бохирдуулдаг байна. Өнөөдөр дэлхий нийтэд бүртгэгдээд байгаа 100 гаруй газар доорх усны бохирдлын 90 орчим хувийг дэгдэмхий органик гаралтай бохирдол эзэлдэг. Эдгээр нь унд ахуйн усаар дамжин хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах ба төрөл бүрийн хорт хавдарын эх үүсвэр болдог. АНУ нь газар доорх усыг бохирдлоос хамгаалах, дэгдэмхий органик нэгдлээр бохирдсон усыг цэвэршүүлэх судалгаанд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгааг профессор Марк Гольц илтгэлдээ дурдлаа.

Газар доорх усны аливаа бохирдол нь ус агуулж буй чулуулгийн шүүрэлтийн онцлог, байгалийн нөхцөл зэргээс хамаардаг бөгөөд энэхүү чиглэлийн судалгааг Гидрогеологчид судалж, бохирдсон газар доорх усыг орчин үеийн шинэ арга технологиор нөхөн сэргээлтийн ажлыг хийж байна.

АНУ-ын элчин сайдын яамны Байгаль орчин, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Жеффрей С. Жозеф “Мянганы сорилтын сан - Монгол дахь АНУ-ын байгаль орчны оролцоо” сэдэвт илтгэлдээ Монгол улсад хэрэгжиж байгаа Мянганы сорилтын сангийн төслийн талаар, мөн АНУ-ын элчин сайдын яамнаас олгодог тэтгэлгүүдийн талаар танилцуулсан нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байлаа. Мянганы сорилтын сангийн төслийн компакт гэрээ Улаанбаатар хотын усан хангамжийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ба 5 жилийн хугацаанд хэрэгжихээр зурагдсан байна.

АНУ-ын элчин сайдын яамны Байгаль орчин, шинжлэх ухааны асуудал хариуцсан мэргэжилтэн Жеффрей С. Жозеф

Энэхүү нээллттэй семинарт ГХЯ, БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, АНУ-ын элчин сайдын яам, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, ШУТИС-ийн ГУУС, ХШУС, БАС-ийн багш, судлаач, оюутнууд болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Нээлттэй семинарт оролцогсод