ШУТИС-ийн оны шилдэг сурган хүмүүжүүлэгч болон бүтээлч багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлэх уулзалт болов

1.ШУТИС-ийн 2018 оны шилдэг СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ багш нарын үйл ажиллагааг сурталчлах, харилцан туршлага солилцох, багшлахуйг дэмжих зорилготой уулзалт 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд /1-203 тоот/ боллоо. 

Нэгдүгээр байр эзэлсэн МХТС-ийн дэд захирал доктор, профессор Н.Эрдэнэхүү CDIO-г хэрхэн Холбооны салбарын хөтөлбөртөө буулгаж, олон улсын ABET-д магадлан итгэмжлүүлсэн, Сургалтын чанарын баталгаажуулалт буюу хөтөлбөрт тасралтгүй сайжруулалт хийх, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх талаар зөвлөгөө өглөө.

ҮТС-ийн багш доктор, дэд проф. С.Дэлгэрмаа Орчин үеийн багшид тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй ярьж, инженер багш нарт сурган заах арга зүй, сургалтын технологийн сургалт явуулах, ялангуяа насанд хүрэгчдийн боловсролын арга зүйг эзэмшүүлэхийн чухлыг дурдлаа. Мөн Хонконгын их сургуулийн туршлагаас танилцуулж “Шим судлал” хөтөлбөрийг үндэсний магадлан итгэмжлэлд оруулсан туршлагаасаа судлахыг урьлаа.

Гуравдугаар байр эзэлсэн БАС-ийн багш Д.Өлзийсүрэн идэвхтэй сургалтын аргуудыг хичээл дээрээ хэрэглэдэг туршлага, ахмад багш нарынхаа тэргүүн туршлагаас боломжтой сайныг нь хэрэглэж, залуу багш нартайгаа нэг баг болон ажиллаж, дадлагажуулан хамтран ажиллах нь давуу талыг бий болгож ажлын амжилтанд нөлөөлдөг тухай ярилаа.

Түүнчлэн “Нэг айлын сууцны архитектурын төлөвлөлт”, “Цэцэрлэгийн барилгын архитектурын төлөвлөлт” зэрэг бүтээлүүдээ танилцуулж, оюутнууддаа зөвлөн тусалж клуб, дугуйлан удирдан уралдаан тэмцээнд амжилттай бэлтгэн оролцуулдаг туршлагаа хуваалцлаа.

“Шилдэг сурган хүмүүжүүлэгч багш”-ийн шалгуурыг шинэчлэн сайжруулах талаар хэлэлцэж бичгээр саналаа өглөө.

2. “ШУТИС-ийн 2018 оны шилдэг БҮТЭЭЛЧ багш нартай хийсэн уулзалт 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр номын сангийн 405 тоот өрөөнд боллоо.

МехТС-ийн багш Н.Мөнхзул “Автомашины резиннэн дугуйн материалын хий нэвчилтийн судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээ судалгааны ажлаасаа танилцуулж, Автомашины дугуй худалдан авахад анхаарах зүйлийн талаар зөвлөгөө өглөө. Тэрээр төсөл, гэрээт ажил, мэргэжлийн стандарт боловсруулах, инфакт өндөртэй сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх зэрэг судалгааны олон ажлын үнэлгээ бага оноотой байгааг анхаарууллаа. Автомашины цахилгаан тоноглол 440 хуудас бүхий бүтээлээ бэлэг болгон өгсөнд талархаж байгаагаа илэрхийлье.

2-р байрын шагналт МХТС-ийн багш Б.Сод-Од Javascript frameworks ном сурах бичиг бичиж, Play Mine-уурхайн бүтээгдэхүүн төлөвлөлтийн программ хангамж, Play Dispatch- уурхайн операторын программ хангамж , Play D&B-тэсэлгээ өрөмдлөгийн программ хангамж, BI-business intelligence Оюу толгой-Рео Тинто-гийн төсөлд амжилттай оролцсон зэрэг олон бүтээлч ажлыг олон улсын түвшинд боловсруулан гүйцэтгэжээ.

ICTnews.mn -технологийн мэдээ, мэдээлэлийн портал сайт, Event.edu.mn -үйл явдлын нэгдсэн портал зэргийг нээн ажиллуулж байгаа бүтээлч залуу багш маань программ хангамж мэргэжлээр, оюуны биет бус бүтээлээр шалгарсан анхны багш байлаа.

3-р байрын шагналт БАС-ийн багш доктор М.Сугар Төмөр бетон бүтээц сурах бичиг, Буянт–Ухаа спорт цогцолбор, Замын Үүдийн спорт цогцолбор, ГХЯ-ны элчингийн барилга зэрэг 20 гаруй барилгын оношлогоо хийж, тайлан гаргасан, олон улсын тэмцээнүүдэд оюутнуудаа амжилттай удирдан оролцуулсан зэрэг амжилт арвин бүтээл өндөртэй эрдэмтэн багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой арга хэмжээ 5 өдрийн турш үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

 

Өөрсдийн туршлагаас хуваалцсан “Шилдэг багш” нартаа болон

оролцсон нийт багш нартаа ажлын амжилт хүсэе!

 

Нээлттэй боловсролын төв