Гадаад хэлний сургуулийн Оюутны эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын гишүүн, ГХЯ-ны сайд Д.Цогтбаатар уригдан оролцлоо

ГХС-ийн Техник технологийн орчуулагчийн ангийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал өнгөрсөн 3 сарын 29-нд болж өндөрлөлөө. Оюутны ЭШХ-д Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар уригдан оролцож, оюутнуудад гадаад хэлний хэрэглээ, гадаад хэлний ач холбогдол, орчуулах талаар туршлагаасаа хуваалцлаа. Тэрээр хэлэхдээ “Гадаад хэл мэдэхгүйгээр “шинжлэх ухаан” гэдэг цонхоор бүтэн нэвтрэнэ гэж байхгүй. Гадаад хэл нь хүний сэтгэлгээг задладаг. Орчуулга хийнэ гэдэг нэг үгийг нөгөө хэлний харгалзах үгээр буулгана гэсэн үг биш юм. Тухайн орчуулах гэж буй салбарын ухагдахууныг зөв ойлгож байж сая жинхэнэ орчуулга болно. Өөрөөр хэлбэл орчуулагч хүн орчуулах гэж буй тухайн салбар ухааны мэдэгдэхүүнтэй байж орчуулга хийнэ.” хэмээн гадаад хэл сурахын ач холбогдол, орчуулгын ажлыг үнэлэн  хэлээд “Хүнд алдаа хийж болдог ганцхан нас байдаг нь оюутан нас юм. Оюутны ширээнээс гарвал амьдралд алдаа хийх эрхгүй болно. Энэ үед та гэр бүл, нийгмийн өмнө хариуцлага үүрч, үр дагаваргүй алдаа хийх аргагүй болдог. Оюутан ахуй үедээ хариуцлага гэдэг зүйлийг ухамсарлан сурч  хариуцлагатай иргэн болон төлөвших хэрэгтэй.” хэмээн сургамжиллаа.

Гадаад хэлний сургуулийн хамт олон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны яамны сайд Д.Цогтбаатарт ГХС-ийн багш нарын орос хэлнээс орчуулсан “Дэлхийг өөрчилсөн эрдэмтэд”, англи хэлнээс орчуулсан “Судалгааны их сургууль” орчуулгын бүтээлийн дээжийг дурсгал болгов.

 

            ГХС-ийн юутны ЭШХ 2 шаттай зохион явагдсан бөгөөд Ⅰ шатанд ГХС-ийн багш нар  нэр томьёо, гадаад үгийн хэрэглээ, хэл соёлын судалгаа, орчуулгын чиглэлээр ГХС, ЭХС, БАС, БуХС, ХШУС-ийн 24 оюутны судалгааны ажлыг удирдан оролцуулж, Ⅱ шатанд 14 илтгэл шалгаран хэлэлцэгджээ.Ⅰбайранд ГХС-ийн ахлах багш доктор Ц.Эрдэнэзаяагийн удирдсан ЭХС, СЭХ 2+2 хөтөлбөрийн Ⅱ ангийн оюутан Б.Амгаланбазарын “Монгол, хятад хэлний “тэнгэр”-тэй холбоотой үг хэллэгийн утга, соёл”, Ⅱ байранд ГХС-ийн ахлах багш, доктор Ц.Эрдэнэзаяагийн удирдсан ГХС-ийн ТТО хятад хэл Ⅱ ангийн оюутан Э.Алтангэрэл, Э.Отгонбаяр нарын “Монгол, хятад хүний нэрийн бүтэц, утга”, Ⅲ байранд ГХС-ийн ахлах багш доктор  Ц.Мөнхдэлгэрийн удирдсан БУХС-ийн Мэдээллийн технологийн удирдлага, мэргэжлийн Ⅲ ангийн оюутан С.Чойжамцын ‘Data base’ нэр томьёоны монгол оноолтод хийсэн ажиглалт (Мэдээлэл технологийн салбар)”, тусгай байранд ГХС-ийн ахлах багш, магистр П.Бямбажавын удирдсан БАС-ийн Хүрээлэн буй орчны инженер мэргэжлийн Ⅱ ангийн оюутан Н.Золжаргалын “Барилгын материал” сурах бичиг дэх гадаад үгийн хэрэглээнд хийсэн ажиглалт” илтгэлүүд тус тус байр эзэлж ШУТИС-ийн Оюутны эрдмийн чуулганд хэлэлцэгдэхээр шалгарлаа.

 

ЭШХ-д оролцсон нийт оюутнууд, удирдсан багш нартаа эрдэм судлалын их ажилд нь амжилт хүсье.

Мэдээ боловсруулсан доктор Н.Мэнд /ГХС ЭНБД/