Танилцуулга


ШУТИС нь  ХБНГУ, Япон, БНСУ, БНХАУ зэрэг 21 орны 130 гаруй их дээд сургуультай харилцаа, хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд 10 гаруй их дээд сургуультай бакалаврын (2+2), магистрын (1+1) хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэн сургалт явуулж  байна.

    Олон улсын төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг сургуулиудын хүрээнд болон сургуулийн дотоод боломж эх үүсвэрээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, үзэсгэлэн, уралдаанд оролцох зорилгоор  жилд дундажаар 300-400 профессор, багш нар гадаадад мэргэжил  мэдлэгээ дээшлүүлж байна. Жил бүр 20 гаруй багш  судлаачид магистрантур, докторантурын сургалтанд хамрагдаж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар БНХАУ-аас 7 багш Хятад хэл заах арга зүйн, АНУ-аас 6 багш Англи хэл, хэл шинжлэлээр, Япон улсаас 8 багш, судлаач хээрийн судалгаа, шинжилгээний ажлаар, ХБНГУ-аас 5 багш Англи хэл, чанарын удирдлага, БНСУ-аас 22 багш мэдээлэл зүй, хоол зүйн чиглэлээр тус тус 6 сараас 1 жилийн хугацаагаар ажиллаж байна.

    Жилд 20-30 гадаад оюутан оюутан солилцооны хөтөлбөр (IAESTE) болон засгийн газрын тэтгэлэг, сургууль хоорондын гэрээний дагуу урт болон богино хугацааны сургалтанд хамрагдаж байна.

       2014 оны 9 сараас Япон улс болон Монгол улсын засгийн газар хоорондын гэрээгээр “ Инженер, технологийн дээд боловсрол” төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд 9 жилийн хугацаанд барилга архитектур, эрчим хүч, механик инженерийн чиглэлээр 1000 оюутныг Япон улсын их, дээд сургуульд суралцуулах  төсөл юм.

     Жил бүр ШУТИС-ийн 40-45 оюутанд Японы Мицүбиши корпораци, ШУТИС-Тоёота сан, БНСУ-н “POSCO TJ PARK” сан, Японы “Сүмитомо” корпораци зэрэг байгууллагуудын бакалавр, магистр, доктор оюутнуудад тэтгэлэг олгож байна. Түүнчлэн эрдэм шинжилгээ, судалгаа, урлаг спортоор амжилт гаргасан оюутнуудад Ректорын нэрэмжит тэтгэлэг, кредитийн урамшуулал олгохоос гадна сургалтын төрийн сангаас хөнгөлөлттэй зээл, тэтгэлэгийг олгодог. Мөн хоёр улсын засгийн газар хоорондын гэрээгээр суралцагч оюутнуудад сургалтын тэтгэлэг, амьжиргааны зардлыг олгох үйл ажиллагааг зохион байгуулдаг.  

     ШУТИС  нь IFOST, MUSTAK зэрэг олон улсын хурлуудаас гадна, олон улсын байгууллага, гадны  их дээд сургуулиудтай хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинаруудыг ШУТИС-ийн профессор, багш нар, судлаач, оюутнуудын судалгааны ажлыг олон нийтэд таниулах, үр дүнг хэлэлцүүлэх зорилгоор тогтмол зохион байгуулж байна.

2014 оны байдлаар БНХАУ-ын  Инчуаны их сургууль, Япон улсын Нагояагийн их сургууль, ОХУ-ын Сибирийн Геодезийн академи, Эрхүү хотын Байгалийн эдийн засаг, хуулийн улсын их сургуулиудад ШУТИС-ийн оюутнууд үйлдвэрлэлийн болон танилцах дадлагыг үр дүнтэй зохион байгуулж байна.