Хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдийн дунд “ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД” болж өндөрлөлөө.

2016-2017 оны хичээлийн жилээс Монгол Улсад Түүхийн Улсын Олимпиадыг дангаар нь зохион байгуулж эхэлсэн юм. Энэ жилээс хүрээгээ өргөтгөн хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдийн дунд “Эх түүхийн олимпиад” тусгайлан зохион байгууллаа. Олимпиадын зорилго нь тэдгээр монгол хүүхдэд Эх түүхийн зохих мэдлэг олгох, тэдний Монгол хэл, түүх, соёл, зан заншлыг мэдэх сонирхолыг дэмжихэд чиглэгдсэн юм.

“Эх түүхийн олимпиад”-ыг Монгол Улсын Гадаад харилцааны  яам, Түүхийн Улсын Олимпиад зохион байгуулах Дэд хороо хамтран зохион байгууллаа. Хамтран ажиллагч байгууллагаар МУИС, ШУТИС, МУБИС ажиллалаа.

МИАТ, Эрдэнэс таван толгой, Оюу толгой ХХК, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Монсудар ХХК, Монголын аялал жуулчлалын холбоо шагналын сан болон үйл ажиллагааг ивээн тэтгэлээ.

“Эх түүхийн олимпиад”-д Монгол Улсын иргэн, эсэхүл өмнө нь иргэн байсан монгол хүний хилийн чанадад төрж өссөн 11-18 насны хүүхдүүд дунд (11-14 нас) сурагч, ахлах сургуулийн (15-18 нас) сурагч гэсэн 2 түвшинд, 1 үе шатаар оролцлоо. Олимпиадад оролцогчид сорилыг монгол хэлээр бөглөж, эсээг монгол болон бусад (орос, англи, герман, солонгос, япон) хэлээр бичжээ.

Сурагчид Түүхийн Улсын Олимпиад зохион байгуулах Дэд хорооны mongolteukeolimp.mn цахим хуудсанд бүртгүүлж,  Цахим бүртгэл 2017 оны 11-р сарын 1-ний 12-р сарын 7-ны өдөр дуусч. 12-р сарын 9-ны өдөр 24 цагийн турш дэлхийн олон орноос оролцох боломжийг хангасан байна. Сурагчид өөрийн бүртгэлийн дугаараар орж 2 цагийн турш даалгавраа гүйцэтгэх буюу зөвхөн нэг удаа нэвтрэн орсон байна. Сурагчид дараах даалгаврыг гүйцэтгэсэн юм.

1. Цахим сорил: АйПи хаягаар нэвтэрч, Олимпиад зохион байгуулах Дэд хорооноос боловсруулсан  50 асуулттай сорилыг 60 минут бөглөжээ.

2. Сорил бөглөсний дараа мөн Дэд хорооноос өгсөн сэдвийн дагуу 300-350 үгтэй эсээг 60 минутад бичжээ. 11-14 насанд дэлхийн 13 улсаас 75 хүүхэд, дэлхийн 10 улсаас 15-18 насанд 57 хүүхэд буюу нийт 132 монгол хүүхэд оролцлоо.

Шагналт байр

11-14 нас

I байр –Үүлэнгоо (ХБНГУ)

II байр – Мишээл (АНУ, Юта)  Өнөрмаа (ОХУ, Москва)

III байр – Ариунболор (Бельги, Антверпен)

Чанцалдулам (ХБНГУ, Мюнхен) нар шагналт байр эзэлсэн бол,

15-18 нас

I байр – .......... (Харамсалтай нь шаардлага хангасан сурагч байсангүй)

II байр  –  Төмөр Мөнхөө (Франц, Парис)

III байр – Гийгүүлэн (Польш)

Анударь (АНУ) нар тус тус шагналт байр эзэлсэн байна.

Олимпиадад оролцсон сурагч бүрд “Талархал” гардууллаа. Эхний байранд шалгарагсдыг доорхи байдлаар шагнаж урамшууллаа. Үүнд:

Тэргүүн байр: Өргөмжлөл, харгалзах хүний хамт Эх орондоо ирэх онгоцны тасалбарыг МИАТ-ийн газар ивээн тэтгэлээ. Монголын аялал жуулчлалын холбооны Жуулчны баазын зөвлөлаас Хөвсгөл далайд амрах эрхийн бичиг олгож байна.

Дэд байр: Өргөмжлөл, “Найрамдал” олон улсын зусланд амрах эрхийн бичиг

Гутгаар байр: Өргөмжлөл, “Найрамдал” олон улсын зусланд амрах эрхийн бичиг  

11-14 насны хүүхдүүд Монгол орноо гэнэн, шинийг эрэлхийлсэн сониучхан сэтгэлээр төсөөлдөг, уншдаг, багшаасаа, аав ээжээсээ Монгол улсын тухай мэдэхийг хүссэн олон  асуулт асуудаг болохыг эсээндээ Монголын тухай яг өөрийнхөө мэдлэг, мэдлэг ойлголтоо гаргахыг хичээнгүйлэн бичсэн бөгөөд энэ насны ангилал их өрсөлдөөнтэй, хамгийн сонирхолтой болсон гэж үзэж болно. Бид англи, герман, франц, монгол хэлээр бичигдсэн эсээг мэргэжлийн багш нараар уншуулж ул суурьтай үнэлгээ өгч ажлын хэсэг дотроо нухацтай ярилцаж дүнгээ гаргасан юм. Харин ахлах ангийн сурагчдын Монголын тухай мэдлэг интернет, нийгмийн сүлжээний мэдээллийн хүрээгээр хязгаарлагдсан шинжтэй, эсвэл сэдвээс халиж гарсан буюу мэддэг зүйлээ аль болох багтаахыг оролдсоноос утга агуулга шаардлагад нийцэхгүй болсон байдал эсээний дийлэнх хувийг эзэлж байв.

“Эх түүхийн олимпиад”-ыг дэмжиж, ивээн тэтгэсэн байгууллагууд

Анхдугаар олимпиадыг амжилттай болоход сэтгэл, зүтгэл гаргасан байгууллага, хувь хүмүүст талархаж байна.

ГХЯ-ын сайд асан, УИХ-ын эрхэм гишүүн Ц.Мөнх-Оргил, ГХЯ-ны төрийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Гадаад суртчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг, МИАТ хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Н.Тамир, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын захирал О.Доржсүрэн нарт гүн талархал илэрхийлж байна.

Эрдэнэс таван толгой компани олимпиад зохион байгуулах үйл ажиллагааны зардлыг ивээн тэтгэлээ.

Нэгэн зэрэг 500 хүн хандахад хангалттай ачаалал хүлээж авах ШУТИС-ийн Е-сургууль техник технологийн бэлтгэлийг сайн хангаж, олимпиад хэвийн явагдах нөхцөлийг хангаж ажилласныг онцлон тэмдэглэж зохион байгуулагч нарын зүгээс талархал илэрхийлж байна.

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК нь Эх түүхийн олимпиадын шагналт байрын сурагчдад дараах шагналыг өгсөнд бид талархаж байна. Үүнд:

ТЭРГҮҮН БАЙР  (хоёр насны ангилал-2)  300 USD

ДЭД БАЙР  (хоёр насны ангилал-4)  200 USD

ГУРАВДУГААР БАЙР (хоёр насны ангилал-4)  100 USD

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ийн “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” уриа бүхий  торгон суурь дээр сурагчдын нэр, шагналт байрыг бичсэн монгол бичгийн уран бичлэг бүхий Талархал, мөн угсардаг “Монгол гэр” 4 сурагчид, “Морин хуур”-ын бэлэг дурсгалыг 4 сурагчдад, DHL-ээр илгээх зардлын хамт ивээн тэтгэсэн билээ.

“МОНСУДАР” ХХК олимпиадад оролцогч нарт гардуулах “ӨРГӨМЖЛӨЛ”, “ТАЛАРХАЛ”-ыг өнгө үзэмж сайтайгаар хэвлэж ивээн тэтгэсэн ба Дэд хорооноос зохион байгуулах дараа дараагийн үйл ажиллагаанд цаашид хамтран ажиллахаар боллоо.

“Эх түүхийн олимпиад”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://must.edu.mn/static/mongolteukeolimp/web/ цахим хуудаснаас авч болно. Мөн суугаа орон дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудаас тодорхой мэдээлэл авах боломжтой.

 

ТҮҮХИЙН УЛСЫН ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ДЭД ХОРОО

2017.12.25