ХИЛИЙН ЧАНАДАД ТӨРЖ ӨССӨН МОНГОЛ ХҮҮХДИЙН ДУНД ЗОХИОХ “ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД”-ЫН УДИРДАМЖ

Зорилго: 2016-2017 оны хичээлийн жилээс Монгол Улсад Түүхийн Улсын Олимпиадыг зохион байгуулж эхэлсэн юм. Энэ жилээс хүрээгээ өргөтгөн хилийн чанадад төрж өссөн монгол хүүхдийн дунд “Эх түүхийн олимпиад” тусгайлан зохион байгуулахаар тогтсон байна. Энэ нь тэдгээр монгол хүүхдүүдэд Эх түүхийн зохих мэдлэг олгох, тэднийг Монгол хэл, түүх, соёл, зан заншлыг мэдэх сонирхолтой болгох зорилготой юм.

Зохион байгуулагч: “Эх түүхийн олимпиад”-ыг Монгол Улсын Гадаад харилцааны  яам, Түүхийн Улсын Олимпиад зохион байгуулах Дэд хороо хамтран зохион байгуулна. Хамтран ажиллагч байгууллагаар МУИС, МУБИС, ШУТИС ажиллана. Дэмжигч байгууллагаар оролцох нь бүгдэд нээлттэй байна.

Хэн оролцох: “Эх түүхийн олимпиад”-ыг дунд, ахлах сургуулийн сурагч гэсэн 2 түвшинд, 1 үе шаттай зохион байгуулна. Монгол Улсын иргэн, эсэхүл өмнө нь иргэн байсан монгол хүний хилийн чанадад төрж өссөн 11-18 насны хүүхэд оролцоно.

  1. Дунд сургууль:   11-14 насны сурагч
  2. Ахлах сургууль: 15-18 насны сурагч

Бүртгэл: Сурагчид Түүхийн Улсын Олимпиад зохион байгуулах Дэд хорооны http://must.edu.mn/static/mongolteukeolimp  цахим хуудсанд бүртгүүлнэ. Цахим бүртгэл 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр эхэлж, 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусна. Уг цахим хуудаснаас “Эх түүхийн олимпиад”-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авна. Мөн суугаа орон дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудаас тодорхой мэдээлэл авах боломжтой.

Хэзээ, хаана болох: “Эх түүхийн олимпиад”-ын талаарх мэдээлэл, зарыг хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан тухайн улсад суугаа монгол иргэд, тэдний хүүхдүүдэд түгээнэ. Олимпиад 2017 оны 12 дугаар сарын 9-ний Бямба гаригийн 00.00 цагт эхэлж, 24.00 цаг хүртэл үргэлжилнэ. Сурагчид өөрийн гэр, сургуулиасаа цахим хаягаар нэвтрэн орж доорх ажлыг хийнэ.   

Хийх ажил: Олимпиадад цахим сорил болон эсээ бичлэг гэсэн 2 ажил гүйцэтгэнэ.  Сорилыг монгол хэлээр бөглөх ба энэ нь үнэлгээний 50 % байна. Эсээг монгол болон бусад (орос, англи, герман, солонгос, япон) хэлээр бичих ба энэ нь үнэлгээний үлдсэн 50 % байна.

Ажлын дараалал: Сурагчийн нийт ажиллах хугацаа 2 цаг тул цахим хаягт өөрийн бүртгэлийн дугаараар орсноос хойш 2 цагийн дараа цахим хаяг хаагдана. Сурагч өөрийн бүртгэлийн дугаараар зөвхөн нэг удаа нэвтрэн орж ажил гүйцэтгэх боломжтой.

1. Цахим сорил: АйПи хаягаар нэвтэрч, Олимпиад зохион байгуулах Дэд хорооноос боловсруулсан  50 асуулттай сорил бөглөнө. Үргэлжлэх хугацаа -60 минут.

2. Сорил бөглөсний дараа мөн Дэд хорооноос өгсөн сэдвийн дагуу эсээ бичнэ. Хэмжээ нь 300-350 үг. Үргэлжлэх хугацаа -60 минут.

Цахим сорил ба эсээг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг Дэд хорооны цахим хуудсанд тавьсан байна.

Шалгаруулалт: Олимпиадын шалгаруулалтын дүнг 10 хоногийн дараа Дэд хорооны цахим хуудас болон Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан зарлаж, шагналыг гардуулна.

Шагнал: Олимпиадад оролцсон сурагч бүрд “Талархал” гардуулна. Эхний байранд шалгарагсдыг доорхи байдлаар шагнаж урамшуулна. Үүнд:

1.Дунд сургуулийн насны ангилалд,

Тэргүүн байр: 1 сурагч. Өргөмжлөл, Харгалзах хүний хамт Эх орондоо ирэх онгоцны тасалбар, Хөвсгөл далайд амрах эрхийн бичиг

Дэд байр: 2 сурагч. Өргөмжлөл, “Найрамдал” олон улсын зусланд амрах эрхийн бичиг

Гутгаар байр: 2 сурагч. Өргөмжлөл, “Найрамдал” олон улсын зусланд амрах эрхийн бичиг

2.Ахлах сургуулийн насны ангилалд,

Тэргүүн байр: 1 сурагч. Өргөмжлөл, Эх орондоо ирэх онгоцны тасалбар, Хөвсгөл далайд амрах эрхийн бичиг.

Дэд байр: 2 сурагч. Өргөмжлөл, “Найрамдал” олон улсын зусланд амрах эрхийн бичиг

Гутгаар: 2 сурагч. Өргөмжлөл, “Найрамдал” олон улсын зусланд амрах эрхийн бичиг

“Эх түүхийн олимпиад”-ад амжилттай оролцож, шагналт байрт шалгарсан хүүхдүүдийн бичсэн эсээг Гадаад харилцааны яамны цахим хуудаст тавьж, хэвлэл мэдээллээр сурталчилна.  

“Эх түүхийн олимпиад”-ын шагналын санг Монгол Улсын Гадаад харилцааны яам, МУИС, МУБИС, ШУТИС, хилийн чанад дахь монголчуудын холбоо, нийгэмлэг, сан, нутгийн зөвлөл, хувь хүмүүсээс бүрдүүлнэ. Байгууллага, хувь хүмүүс Олимпиадын үйл ажиллагаанд дэмжигчээр оролцох бүрэн боломжтой.