ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн журам /2012/


ШУТИС-ийн Ректорын 2012 оны 04-р сарын 24-ний

өдрийн А-74 тоот тушаалын нэгдүгээр хавсралт

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн журам 

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Эрдэм шинжилгээний байгууллагыг байгуулах, улсын бүртгэлд бүртгэх журам, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дүрмийг үндэслэн ШУТИС-д Эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж ажиллуулах, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээний ажил  гүйцэтгэх, шинжлэх ухаан технологийн ололт, амжилт, инновацийг үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, шинэ технологийг дамжуулах, сургалт, судалгаа, туршилт, зохион бүтээлтийн ажил эрхлэх зорилгоор ШУТИС-д Эрдэм шинжилгээний хүрээлэн (цаашид хүрээлэн гэх) байгуулж ажиллуулна.  

1.3. ШУТИС-ийн эрдэм шинжилгээний хүрээлэн нь төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага бөгөөд Монгол улсын Улсын бүртгэлийн гэрчилгээ бүхий хуулийн этгээд байна.

Хоёр. Хүрээлэн байгуулах, бүртгүүлэх

2.1 Улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, тус их сургуулийн багш, эрдэмтэн судлаачдын санаачилга, шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болон их сургуулийн Удирдах зөвлөлийн болон Эрдмийн зөвлөлийн хуралдааны шийдвэр зэргийг үндэслэн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн тодорхой салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнг ШУТИС-д байгуулж болно.

2.2. Хүрээлэнг Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу байгуулж, Эрдэм шинжилгээний байгууллагыг байгуулах, улсын бүртгэлд бүртгэх журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гэрчилгээ авснаар хүрээлэн үйл ажиллагаа явуулах эрх нээгдэнэ.

2.3. Хүрээлэнгийн үйл ажиллагааны дүрмийг ШУТИС-ийн Ректорын тушаалаар баталж, мөрдүүлнэ.

2.4.  Хүрээлэн нь Монгол улсын болон ШУТИС-ийн хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдтэй уялдсан урт болон дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөтэй байна.

Гурав. Хүрээлэнгийн удирдлага, зохион байгуулалт

3.1. Хүрээлэнг ШУТИС-ийн ректорын тушаалаар томилогдсон захирал удирдан ажиллана. Захирлыг 3 жилийн хугацаатайгаар томилох ба дахин нэг удаа 3 жилийн хугацаатайгаар үргэлжлүүлэн ажиллуулж болно.

3.2. Хүрээлэнгийн захирал нь их сургуулийн дүрмийн холбогдох заалтууд, хүрээлэнгийн үйл ажиллагааны дүрэмд заасан эрхээр хангагдаж, үүргийг биелүүлж, хүрээлэнгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдана. Хүрээлэнгийн захирал ШУТИС-ийн ректортой жил бүр хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулан, хүрээлэнгийн үйл ажиллагааны ажлын төлөвлөгөөгөө батлуулан ажиллана.

3.3. Хүрээлэнгийн захирлын албан тушаалыг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирал  хавсран гүйцэтгэж  болохгүй.

3.4. Хүрээлэнгийн захирал нь ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн байх бөгөөд их сургуулийн эрдэм шинжилгээ, технологийн холбогдолтой асуудал хэлэлцэх үед Ректорын зөвлөлийн хуралдаанд оролцож болно.

3.5. Хүрээлэнгийн захирал нь эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах бөгөөд хүрээлэнгийн ажилтнуудыг сонгон шалгаруулж, холбогдох хууль дүрмийн хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авах ба ажлаас чөлөөлөх, шагнаж урамшуулах болон сахилгын арга хэмжээ авах зэрэг хууль тогтоомжид заасан бусад эрхийг эдэлнэ.

3.6. Хүрээлэн Эрдмийн зөвлөлтэй байх бөгөөд даргаар нь хүрээлэнгийн захирал, нарийн бичгийн даргаар хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга ажиллана. Хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааг хүрээлэнгийн дүрмээр зохицуулна.

3.7. Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн хүрээлэнгийн тэргүүлэх эрдэмтэд, холбогдох салбарын төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэл бизнесийн байгууллагын төлөөлөл, тухайн салбарын бусад эрдэмтэн судлаачид орж болох бөгөөд гишүүдийн 1/5-ээс доошгүй хувь нь тухайн хүрээлэнгийн үйл ажиллагаатай нэг чиглэлийн ШУТИС-ийн профессор, багш нар байна.

3.8. Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн хүрээлэнгийн саналыг үндэслэн ШУТИС-ийн Ректорын тушаалаар батална.

3.9. Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл хүрээлэнгийн дотоод бүтэц, зохион байгуулалт, орон тоог тогтоох ба ШУТИС-ийн Ректорын тушаалаар эцэслэн батална.

3.10. Хүрээлэнгийн захирлын дэргэд захирлын зөвлөл байгуулан ажиллуулж болно. Захирлын зөвлөлийн гишүүдийг хүрээлэнгийн захирал томилно.

3.11. Хүрээлэн нь албан үйл ажиллагаандаа баталгаажсан лого, албан хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг хэрэглэнэ.

3.12.  Хүрээлэнгийн албан хэргийг улсын болон их сургуулийн хэмжээнд мөрдөх албан хэргийн хөтлөлтийн дүрэм, журам, зааврын дагуу хөтөлнө.

Дөрөв. Хүрээлэнгийн үйл ажиллагаа

4.1. Хүрээлэн нь суурь болон хэрэглээний шинжлэх ухааны судалгаа хийх, гадаад, дотоодын байгууллагатай хамтран эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, тухайн салбарын мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх, шинэ техник технологи боловсруулж үйлдвэрлэл практикт нэвтрүүлэх, өөрийн буй болгосон оюуны өмчийг бизнесийн эргэлтэд оруулах замаар инноваци, технологи дамжуулалтыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр бие даасан үйл ажиллагаа явуулна.

4.2. Хүрээлэн нь улсын төсвийн санхүүжилтээр шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төсөл хэрэгжүүлэх, суурь судалгааны сэдэвт ажил болон бусад улсын захиалгат ажлуудыг гүйцэтгэх ба бизнесийн байгууллагуудтай эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийн болон технологи дамжуулалтын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

4.3. Хүрээлэн өөрийн үйл ажиллагаандаа Монгол улсын засгийн газар, Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон төсөл сонгон шалгаруулах, төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх дүрэм, журам, ШУТИС-д Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, гэрээт ажил гүйцэтгэх журам, ШУТИС-ийн Технологийн сангийн журмыг мөрдөж  ажиллана.

4.4. Хүрээлэн нь өөрийн эрхэлдэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлийн дагуу их сургуулийн бусад бүтцийн нэгжүүд болон профессор багш, судлаачидтай нягт хамтран түншилж ажиллах бөгөөд ШУТИС-ийн гадаад ба дотоод хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн, семинарт идэвхтэй оролцох ба хамтран зохион байгуулна.

4.5. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны бүтээл, үр дүнг эрдэм шинжилгээний сэтгүүл болгон тогтмол хэвлэн нийтлэж олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулна.

4.6. Хүрээлэнгийн ажилтнуудын мэргэжил, ур чадвар, ажлын үр дүнгийн аттестатчиллыг 3 жил тутамд Эрдэм шинжилгээ, технологийн газраас эрхлэн зохион байгуулж, дүгнэнэ.

4.7. Хүрээлэнгийн үйл ажиллагаатай нэг чиглэлийн бүрэлдэхүүн сургуулиудын зарим профессорын баг хүрээлэнгийн материаллаг бааз, орчин нөхцлийг түшиглэн эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа явуулж болно.

4.8. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний лаборатори, материаллаг бааз, эрдэм шинжилгээний ажилтнууд, эрдэмтдийн нөөцөд тулгуурлан ШУТИС-ийн холбогдох бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран ахисан түвшний болон мэргэжил дээшлүүлэх сургалт явуулж болно.

4.9. Хүрээлэн нь улсын захиалгат, гадаадын байгууллагатай хамтарсан, Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилт бүхий төслийг гүйцэтгэх, түүнд оролцох саналаа ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн Эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэр гаргуулж байна.

4.10. Хүрээлэн нь улсын болон бизнесийн байгууллагын захиалгат төсөл болон гэрээт ажил, гадаадтай хамтарсан төсөл, ШУТИС-ийн Технологийн сангаас санхүүжсэн төслийн явц, гүйцэтгэл, үр дүнг хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлд улирал тутам, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн дэргэдэх эрдэм шинжилгээ, судалгааны дэд зөвлөлд хагас жил тутам хэлэлцүүлж, тайлагнана.

4.11. Хүрээлэн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөгөө Монгол улсын болон ШУТИС-ийн хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнүүдтэй уялдуулан төлөвлөж, хэрэгжүүлнэ. Энэхүү төлөвлөгөө нь хүрээлэнгийн захирлын ШУТИС-ийн ректортой байгуулах үр дүнгийн гэрээг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

Тав. Хүрээлэнгийн эрх, үүрэг

5.1. Хүрээлэн өөрийн зорилт, бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор бүрэлдэхүүндээ судалгаа туршилтын нэгж, сектор, лаборатори, төв байгуулан ажиллуулж болно.

5.2. Хүрээлэн өөрийн үйл ажиллагааны хүрээнд Монгол улсын болон гадаад орны хуулийн эдгээдтэй бие даан гэрээ хэлцэл байгуулж, хэрэгжүүлнэ. Зарим шаардлагатай тохиолдолд их сургуулийн удирдлагатай зөвшилцөж, гэрээг хамтран байгуулж болно.

5.3. Хүрээлэн нь тэргүүлэх чиглэлүүдээр шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл хэрэгжүүлэх болон суурь судалгааны сэдэвт ажил гүйцэтгэх, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн лаборатори, материаллаг баазыг бэхжүүлэх зорилгоор ШУТИС-ийн Технологийн сангаас санхүүгийн дэмжлэг авах эрхтэй.

5.4. Хүрээлэн нь эрдэм шинжилгээ, туршилт-үйлдвэрлэлийн тодорхой төсөл, ажил гүйцэтгэх зорилгоор ШУТИС-тай зөвшилцөн тохиролцсоны үндсэн дээр гадаад, дотоодын банк, төрийн сангаас зээл авч ашиглаж болно.

5.5. Хүрээлэн нь ШУТИС болон түүний бүрэлдэхүүн сургуулиуд, бусад нэгжүүдээс шаардлагатай нөхцөлд туслалцаа дэмжлэг авах эрхтэй ба их сургуулийн эрдэм шинжилгээний нэгдсэн мэдээллийн бааз (UNIMIS), Шинжлэх ухаан, технологийн төв номын сан болон их сургуулийн хэмжээнд гэрээгээр хэрэглэгдэж буй олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн баазыг ашиглах боломжоор хангагдана.

5.6. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын мэдээллийг их сургуулийн мэдээллийн нэгдсэн баазад тухай бүрт нь бүрэн оруулж, холбогдох тайлан мэдээг их сургуулийн ЭШТГ-т заасан хугацаанд тогтмол ирүүлж байна. 

5.7. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, магистрантур, докторантурт суралцуулах, тэднийг ШУТИС-ийн хамтын ажиллагаатай гадаадын их сургуулийн ахисан түвшний сургалтанд хамруулах тал дээр ШУТИС болон түүний бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран ажиллана.

5.8. Хүрээлэн нь өөрийн ажиллагсдын ажиллах нөхцлийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана.

5.9. Хүрээлэн нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол улсын холбогдох хууль, тогтоомж болон их сургуулийн дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллана.

5.10. Хүрээлэн нь Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд заасан бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

Зургаа. Хүрээлэнгийн төсөв, санхүү

6.1. Хүрээлэн нь төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагад мөрдөгдөх хууль тогтоомжийн дагуу эрдэм шинжилгээний ажилтны цалин, ус, цахилгаан, дулааны төлбөр зэрэг тогтмол зардлыг улсын төсвөөс авч, үйл ажиллагаагаа өөрийн орлогоор санхүүжүүлэх зарчмыг баримтлан ажиллана.

6.2. Хүрээлэн нь орон тооны санхүү бүртгэлийн нягтлан бодогчтой байх бөгөөд банкинд санхүүгийн данс нээлгэн ашиглаж, санхүүгийн үйл ажиллагаагаа олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу явуулна.

6.3. Хүрээлэнгийн тухайн жилийн санхүүгийн орлого, зардлын төсвийг их сургуулийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректортой зөвшилцөн хүрээлэнгийн захирал батлан мөрдөнө.

6.4. Хүрээлэнгийн орлого нь улсын төсвийн санхүүжилт, эрдэм шинжилгээний төсөл, гэрээт ажил, инновацийн болон туршилт-үйлдвэрлэлийн үйл ажиллагааны орлого, гадны байгууллагын хандив, зээл болон бусад орлогоос бүрдэнэ.

6.5. Хүрээлэнгийн ажилтнуудын цалингийн сүлжээг Засгийн газраас тогтоосон жишгийг баримтлан хүрээлэнгийг захирал баталж мөрдөнө.

6.6. Хүрээлэн дээр хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтийн төсвийн зардлын хуваарь, төсөлд оролцож буй гүйцэтгэчдийн цалингийн хэмжээ, жишиг харьцаа зэргийг төслийн удирдагч тодорхойлж, хүрээлэнгийн захирлаар батлуулан мөрдөнө.

6.7. Хүрээлэнгийн санхүүгийн тайланг ШУТИС-ийн Санхүү, эдийн засгийн газарт улирал бүр гарган ирүүлэх ба жилийн эцсийн санхүүгийн тайлан, тайлангийн шинжилгээг их сургуулийн Захиргааны зөвлөлд тайлагнана.

Долоо. Хариуцлага ба бусад

7.1. Хүрээлэнгийн үйл ажиллагааны орлогоос ШУТИС-ийн Технологийн санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг хүрээлэнгийн захирлын их сургуулийн ректортой байгуулах үр дүнгийн гэрээнд харилцан зөвшилцөж тусгана.

7.2. Хүрээлэнгийн захирал жилийн ажлын үр дүнгийн гэрээний биелэлтийг ШУТИС-ийн Захиргааны зөвлөлд тайлагнана. Үр дүнгийн гэрээний үүргээ амжилттай сайн биелүүлсэн захирлыг зохих журмын дагуу шагнаж урамшуулна.

7.3. Хүрээлэнгийн үйл ажиллагаанд 2 жил тутамд ШУТИС-ийн захиргаанаас бүрэн хэмжээний дотоод аудит хийж, үнэлэлт дүгнэлт гарган их сургуулийн Ректорын зөвлөлд танилцуулж байна.

7.4. Ажлын хариуцлага алдсан, алдаа дутагдал гаргасан, холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн, гэрээт болон төслийн ажлын гүйцэтгэлийг хангаагүй, тайлан мэдээг буруу гаргасан зэрэг дутагдал гаргасан, хөдөлмөрийн харилцааны зөрчил гаргасан, мөн үр дүнгийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хурээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг ШУТИС-ийн Захиргаанаас гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

7.5. Хүрээлэнг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах асуудлыг Монгол улсын Засгийн газар, Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, Их сургуулийн Удирдах Зөвлөл болон Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.