“Функциональ анализ ба тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлүүд” сэдэвт зуны сургалтыг Ховд их сургуульд зохион байгууллаа

ШУТИС –ийн ХШУС-ийн “Байгаль орчин дахь дифференциал тэгшитгэлүүд” профессорын багаас  2017 оны 7-р сарын 16-аас 29-д Олон Улсын  CIMPA  байгууллагын “Функциональ анализ ба тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлүүд” сэдэвт зуны сургалтыг Ховд Их Сургуульд зохион байгууллаа.

CIMPA-International Center for Pure and Applied Mathematics /Онолын ба хэрэглээний математикийн олон улсын төв/ нь хөгжиж буй орнуудад математикийн судалгааг хөгжүүлэх зорилготой олон улсын онолын болон хэрэглээний математик гэсэн хоёр нилээд ялгаатай сэдвүүдийн судалгааг дэмжих зорилготой байгууллага юм. CIMPA жил бүр хориод сургуулийг тив алгасан хөгжиж буй орнуудад зохион байгуулдаг.  1978 оноос хойш  Азид 11, Африкт 18, Латин Америкт 13, Ойрх Дорнодод 8, Зүүн Европд 4-ийг нийт 54 оронд 180 зуны сургууль, 101 семинар, эрдэм шинжилгээний хурал 11007 оролцогчтойгоор 700 профессор багш зохион байгуулсан байна. 2013 оны 7-р сарын 15-аас 27-д  Монголд анх удаа ШУТИС-ийн Математикийн Сургуулийн Дифференциал тэгшитгэлийн баг “Механик дахь тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлүүд” сэдэвт CIMPA зуны сургуулийг зохион байгуулсан билээ. Энэ жил Франц , Солонгос, Япон, Швейцари, Австри Улсууд болон ХБНГУ-аас өндөр түвшний 10 профессорууд хүрэлцэн ирж 2 долоо хоногийн турш өдөр бүр 8 цагийн лекцийг Ховд ИС дээр үнэ төлбөргүй уншсан юм. CIMPA байгууллагын төлөөлөгч Францын Марселийн ИС-ийн профессор Кристиан Маду мөн хүрэлцэн ирсэн. Тус сургалтанд Австри, Солонгос, Вьетнам, Камбодж, Филиппин, Пакистан оюутнууд болон ШУТИС-ийн ХШУС, ХМТС, Герман Монголын УУИС, ХААИС, МУИС ба Ховд Их Сургуулийн багш оюутнууд идэвхтэй оролцлоо. Нийт 14 орны 50-аад багш оюутнууд Ховд аймагт хуран чуулж 40 цагийн математикийн сургалтанд хамрагдахаас гадна Ховд аймагтай танилцлаа. Ховд ИС болон Ховд аймгийн захиргаа CIMPA зуны сургуулийг дэмжиж ажилласныг тэмдэглэх нь зүйтэй юм.

Математикийн шинжлэх ухааны анализийн салбарт суурь ба хавсарга судалгаа явуулах залуу халааг бэлтгэх зорилгоор тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийг ойролцоогоор бодох, математикийн хэрэглээний бүх салбарт, тэр тусмаа инженерийн бүх салбарт мэдэгдэхүйц нөлөө үзүүлж буйг үндэслэн энэхүү шаардлагыг практикийн шаардлагаас урган гарсан асуудлыг шийдвэрлэхэд хөгжүүлэхэд ашиглах зорилгоор энэхүү сургуулийг маш чадварлаг, дэлхийд судалгааны чиглэлээрээ хүлээн зөвшөөрөгдсэн профессор багш нарын бүрэлдэхүүнтэйгээр амжилттай зохион байгууллаа.  

Дэлгэрэнгүй мэдээллийг http://cimpa2017.mn/ хаягаас авна уу.