Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэх журам

Нийслэлийн  Иргэдийн  Төлөөлөгчдийн 

Хурлын  2010 оны 6/51 дугаар  тогтоолын 
 хавсралт

 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ХИЧЭЭЛДЭЭ ЗАЙЛШГҮЙ ЯВАХ
ШААРДЛАГАТАЙ СУРАГЧ, ОЮУТНЫГ ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Автотээврийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлд нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутныг нөхөн олговроор тээвэрлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцох, сурагч, оюутны цахим картыг олгох, хяналт тавих үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцааг зохицуулахад журмын зорилго оршино.
1.2. Энэхүү журмыг нийслэл дэх өмчийн бүх хэлбэрийн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, тэдгээрт суралцаж байгаа сурагч, оюутан, холбогдох төрийн захиргааны болон тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөнө.
1.3 .Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Нийтийн тээврийн газар болон холбогдох төрийн бус байгууллагууд энэхүү журмыг  хамтран хэрэгжүүлнэ.
1.4.Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.
1.4.1.“Оюутан” гэж их, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагчийг;
1.4.2.“Сурагч” гэж мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчийг;
1.4.3.“Нөхөн олговор” гэж нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэсний зардалд тээврийн байгууллагуудад олгох мөнгөн хөрөнгийг;
1.4.4.“Эрхийн үнэмлэх” гэж нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутанд олгох нөхөн олговроор зорчих эрхийн үнэмлэхийг;
1.4.5.“Хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай” гэж нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ очих, буцах шаардлагатайг.

Хоёр. Нийтийн тээврийн хэрэгслээр сурагч, оюутныг тээвэрлэх
2.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа  их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс хотын доторх болон хот орчмын нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутнуудын тоог жил бүр тогтооно.
2.2. Сурагч, оюутны эрхийн үнэмлэхийг хэвлүүлэх , түгээх ажлыг салбаруудын төрийн бус байгууллагуудаар гэрээгээр хариуцуулан гүйцэтгүүлж болно.
2.3. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрхийн үнэмлэх хэвлэх, хугацаа сунгахад гарах зардлыг тухайн сурагч, оюутан төлнө.
2.4. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захиргаа нь эрхийн үнэмлэхний захиалга авах, түгээх, тухайн сурагч, оюутнаас эрхийн үнэмлэхний зардлыг хураан авч нэгтгэх, эрх бүхий байгууллагын дансанд тушаан тооцоо хийх ажлыг хариуцна. Захиргаа нь энэхүү ажлыг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө болон Монголын оюутны холбоогоор гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.
2.5. Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захиргаа нь сурагч, оюутны судалгааг гаргах, хяналтын тоог тогтоох, эрхийн үнэмлэхний зардлыг сурагч, оюутнаас хурааж авах, эрхийн үнэмлэхийг хүлээн авах, түгээх, тооцоо хийх үйл ажиллагаанд хяналт тавина.
2.6. Эрхийн үнэмлэхний захиалга авах, оюутны нэрс гаргах, түгээх үйл ажиллагааны зардлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас жил бүр хянаж тогтооно.
2.7. Эрхийн үнэмлэхний олголт, сунгалт, ашиглалтын байдалд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага хяналт тавьж болно.
Гурав. Сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын нөхөн олговорт шаардагдах хөрөнгийг тооцох
3.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сурагч, оюутны нөхөн олговорт шаардагдах хөрөнгийг тооцохдоо хяналтын тоо,  төсвийн жилийн 1-6 сар, 9-12 сарын 7 хоног бүрийн амралтын болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдээс бусад өдөрт хичээлдээ явах зорчилт, зорчилтын тоо, сэлгэн суултын коэффициент, насанд хүрсэн хүний зорчих тарифийг тус тус үндэслэнэ.
3.2. Нийтийн тээврийн газар нь нийтийн тээврийн үйлчилгээний үнэ тариф өөрчлөгдсөн тухай мэдээллийг албажуулан холбогдох газарт нь хүргүүлнэ.
3.3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үйлчилгээний үнэ тарифын өөрчлөлттэй холбогдон нэмж шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлнэ.
Дөрөв.Бусад
4.1. Нийтийн тээврийн газар эрхийн үнэмлэхээр сурагч, оюутныг тээвэрлэхтэй холбоотой зөрчлийг удаа дараа гаргасан тээвэрлэгч байгууллагад тухайн чиглэлд үйлчилгээ явуулах гэрээг цуцлах хүртэл шат дараалсан хариуцлагыг хүлээлгэнэ.
4.2. Эрхийн үнэмлэхийг хуурамчаар үйлдсэн, хууль бусаар олгосон, түгээсэн, дамжуулан ашиглуулсан тохиолдолд хураан авч, буруутай этгээдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

4.3. Энэхүү журмаар хүлээсэн эрх үүргээ хангалтгүй биелүүлснээс үүсэн бий болох үр дагаврыг буруутай этгээд, байгууллага нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.