“ABU Robocon-2022” үндэсний роботын тэмцээний цомын эзнээр МХТС-ийн "SICT" баг шалгарлаа

      “ABU ROBOCON-2022” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг аваргын төлөө ШУТИС-МХТС-ийн “SICT” болон ШУТИС-МеХТС-ийн “Монхорус” багууд өрсөлдөж 65:55 онооны давуугаар “SICT” баг үндэсний аваргын цомын эзэн болж олон улсад оролцох эрхтэй боллоо.

 

 

      Ази номхон далайн бүсийн орнуудын оюутан залуусын инженерийн ур чадвар , техник сэтгэлгээний роботын тэмцээн “ABU Robocon” олон улсын тэмцээн 21 дэх жилдээ 2022 оны 8 дугаар сарын 21-нд Энэтхэг улсын Нью Дели хотод зохион байгуулагдана.

      Тус олон улсын тэмцээнд Ази номхон далайн бүсийн орнуудын үндэсний аваргаар шалгарсан багууд эх орноо төлөөлж өрсөлддөг билээ.

  

      Монгол улс нь энэхүү тэмцээн зохион байгуулагдаж эхэлсэн цагаас тогтмол оролцож 2019 болон 2021 онуудад дэд аваргаар шалгарсан өндөр амжилтыг үзүүлж байв. 2022 оны олон улсын тэмцээнд оролцох үндэсний багаа тодруулах “ABU Robocon-2022” үндэсний аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 06 дугаар сарын 5-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр зохион байгуулагдав. Тус тэмцээнийг Монголын үндэсний олон нийтийн телевиз зохион байгуулж Боловсрол шинжлэх ухааны яам болон бусад холбогдох нэгжүүд дэмжин оролцлоо. Тэмцээнд Монгол улсын инженер технологийн чиглэлийн их сургуулиудын 10 баг өрсөлдөв. Үүнд:

  • Ц. Хүрэлбаатар, Л.Батзориг багштай ШУТИС-МХТС-ийн "SICT" баг,
  • Ч.Ангараг багштай ШУТИС-ЭХС-ийн "Эрчим" баг
  • Б.Болдмаа, У. Ёндон багштай ШУТИС-Коосэн технологийн коллежийн "Ганробот" баг
  • П. Чойсүрэн, Э.Наранбаатар багштай ШУТИС-МеХТС-ийн "Монхорус" баг
  • Ж. Давааням, Б.Дондогжамц багштай ШУТИС-МеХТС-ийн "Ks Made in Mongolia" баг
  •  Монгол улсын их сургуулийн “Соёмбо” баг
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Аравт” баг
  • Хөдөө, аж ахуйн их сургуулийн баг
  • Төмөр замын дээд сургуулийн “Дорнод ган хийц” баг
  • Монгол коосэн коллежийн “Моко” багууд өөрсдийн гараар бүтээсэн роботоороо өрсөлдлөө.

Энэ удаагийн тэмцээний дүрэм нь олон улсын тэмцээнийг зохион байгуулагч Энэтхэг улсын зохиосон дүрэм буюу “Лагори цамхаг өрөх” дүрмээр явагдаж байгаа юм.  Үндэсний тэмцээнийг Дарханбаатар ахлагчтай шүүгчдийн баг шүүн явуулсан бөгөөд дүрмийн дагуу багууд улаан болон цэнхэр талаас тоглож онооны зөрүүгээр ялагчдаа тодрууллаа. Тэмцээний хагас шигшээд “SICT”, “Ганробот”, “Монхорус”, “Ks Made in Mongolia”, “Соёмбо”, “Аравт” багууд шалгарч 2 хэсэгт хуваагдан өрсөлдөв.  Улмаар шигшээ тоглолтонд “SICT” баг “Аравт” багтай, “Монхорус” баг “Соёмбо” багтай оноолт таарч багууд сонирхолтой өрсөлдөөнтэй тоглолтыг үзүүллээ.  “Монхорус” баг  хэсгийн тоглолтонд хожигдолгүй явсан “Соёмбо” багийн эсрэг сайн тоглолт хийж “R1” роботоор оновчтой тоглолт хийснээр 55 авхуулсан бол тэд өөрсдөө 65 авснаар “Монхорус” баг финалд шалгарсан юм. Тэмцээний эцсийн дүнгээр:

  • II байранд МеХТС-ийн “Монхорус” баг
  • III байранд МУИС-ийн “Соёмбо” баг
  • III байранд ҮБХИС-ийн “Аравт” баг тус тус шалгарлаа.

Тэмцээний шагналыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар нар гардуулж баяр хүргэлээ.

ШУТИС-ийн Коосэн технологийн коллежийн “Ганробот баг” хагас шигшээ тоглолтын дүнгээр 6 дугаар байранд шалгарсан бол ЭХС-ийн “Эрчим баг”-ийн R1, R2 роботууд хэсгийн тоглолтдоо 100 хувийн гүйцэтгэлийг (өрөх болон буудах ) үзүүлж тоглов.

Робокон тэмцээнд хамтран ажиллаж оюутан залуусын бүтээх хүсэл эрмэлзлэлийг дэмжин ажилласан компаниуддаа талархал илэрхийлье!

Олон улсад амжилтаа ахиулж эх орныхоо нэрийг өндөрт гаргахыг "SICT" багийнхандаа хүсэн ерөөе!  

#mustTech #RobotTech #RoboconFamily

Технологи дамжуулах төв