“1000 Инженер-ажлын байр 2023” өдөрлөг энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдана

Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/ хооронд байгуулсан МОН-Р11 зээлийн хэлэлцээрийн дагуу 2014 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэн чанарыг сайжруулах зорилгын хүрээнд Япон Улсад 1000 орчим хүнийг инженерийн чиглэлээр суралцуулах төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулж байна.

Төслийн Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад цахилгааны инженер, мэдээлэл технологи, барилга, механик инженер, архитектур зэрэг чиглэлээр 2-3 жил суралцсан төгсөгчид 2023 оны 03 дугаар сард эх орондоо эргэн ирсэн.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн зүгээс дээрх оюутнуудыг ажлын байранд зуучлах, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжилд ашиглах зорилгоор “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР-2023” сэдэвт өдөрлөгийг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн 8 дугаар байрны 12 давхрын хурлын танхимд зохион байгуулна.