ЭМГЭНЭЛ

ЭМГЭНЭЛ

Пунсалмаагийн ОЧИРБАТ

(1942-2025)

Монгол улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор Пунсалмаагийн Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр таалал болсонд бид гүнээ эмгэнэж байна.

Пунсалмаагийн Очирбат 1942 оны нэгдүгээр сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхант хэмээх газар төрсөн. 1951-1960 онд дунд сургууль, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлээр тус тус суралцаж төгсжээ.

П.Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, 1990 оны 3-р сараас 9-р сар хүртэл БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга, 1990 - 1992 онд БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992-1993 онд Монгол улсын анхны  Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн байлаа.

Академич П.Очирбат 1969 онд “Уул уурхайн техник, технологийн үндэс” анхны сурах бичгийг хамтран бичсэнээс хойш салбарын мэргэжилтэн бэлтгэх ажилд тасралтгүй оролцож, 1975 оноос ПДС-ийн төгсөлтийн улсын шалгалтын комисс, техникийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 1999-2016 онд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, гишүүн, Ректорын зөвлөх, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр идэвх санаачилгатай ажиллахын зэрэгцээ их сургуулийг орчин үеийн сургалт, судалгааны төв болгон хөгжүүлэх, профессор багш нарыг эрдэмжүүлэх үйлст тасралтгүй хүчин зүтгэж ирсэн юм.

Профессор П.Очирбат 2000-2018 онд ШУТИС-ийн Экологи, тогтвортой хөгжлийн төвийн захирал, 2002-2011 онд Уул уурхайн менежмент, тогтвортой хөгжлийн профессорын багийн тэргүүлэх профессороор ажиллаж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 57-р чуулганаас 2005-2014 оныг Тогтвортой хөгжлийн боловсролын 10 жил болгохоор зарласан хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд түүний санаачилга шууд оролцоотойгоор Тогтвортой хөгжлийн боловсролын сургалтыг шинээр зохион байгуулж амжилттай хэрэгжүүлсэн байна.

Академич П.Очирбат шинжлэх ухааны доктор 2, техникийн ухааны доктор 9, 40 гаруй магистр, бакалаврын зэргийн судалгааны ажлын удирдагч, зөвлөхөөр ажиллаж, 120 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг олон улсын болон үндэсний мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлэн, сургалт судалгааны чиглэлээр бие даасан бөгөөд хамтарсан 44 ном, сурах бичиг туурвиснаас гадаад хэл дээр 11 бүтээл нь хэвлэгдсэн байна. Ялангуяа “Түлш эрчим хүчний цогцолборын удирдлагын зохион байгуулалт” (1987), “Монгол улсын эрдэс баялгийн цогцолборын хөгжлийн стратеги ба экологи” (1998), “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи” (2002), “Тогтвортой хөгжил ба хэрэглээний экологи” (2004) зэрэг томоохон бүтээлүүд нь манай орны эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох хэмжээний бүтээлүүд болсон гэж үнэлэгддэг юм. 2022 онд “Уул уурхайн технологи, эдийн засаг, менежмент, экологи” долоон боть хамтын бүтээлээрээ  Төрийн шагнал хүртсэн билээ. 

Дэлхийн энх тайвны академи, ОХУ-ын Санкт-Петербургийн Уул уурхайн их сургууль, БНСУ-ын Данкукийн их сургууль, ШУТИС зэрэг гадаад, дотоодын их сургуулиудын “Хүндэт доктор” зэрэг эрдмийн дээд цолыг хүртэж, Очирбат сан, Монголын инженерийн ухааны үндэсний академи, Уул уурхайн шинжлэх ухааны академийг үүсгэн байгуулж анхны ерөнхийлөгч, тэргүүлэгчээр ажиллаж ирсэн байна.

Монгол төрийн дээд шагнал “Чингис хаан” одон, Зөвлөлтийн “Уурхайчны алдар” - I, II, III зэргийн одон, Унгар улсын “Хөдөлмөрийн гавьяаны одон”, БНСУ-ын “Мү Гүн Хва” одон, АНУ-ын “Эрх чөлөөний бамбар”одонгоор шагнаж, түүний гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлсэн  байна.

Монгол Улсын Төрийн шагналт, академич, шинжлэх ухааны доктор, профессор П.Очирбат их сургуулийнхаа эрдмийн хамт олон, багш, ажилтнууд, шавь нартаа оюун билиг, эрдэм мэдлэг, бүтээлч хөдөлмөр, зүтгэлээ харамгүй зориулж, бусдыг ямагт дэмжин тусалж, үлгэрлэн манлайлж ирсэн төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч байлаа.

Эх орон, ард түмэн, ШУТИС-ийн хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж бүтээсэн үйл хэрэг, уул уурхайн аж үйлдвэрийн салбарын хөгжилд оруулсан үлэмж их хувь нэмэр, гавьяат үйлсийг манай их сургуулийн удирдлага, хамт олон үеийн үед дурсан хүндэтгэж байх болно.

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ, РЕКТОРЫН ЗӨВЛӨЛ, ЗАХИРГАА

ГЕОЛОГИ УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ

АХМАДЫН ЗӨВЛӨЛ