Бүтээлийн чөлөө олгох журам /2001/


Ректорын 2001 оны 11 сарын 06-ны өдрийн 73-р тушаалын 2-р хавсралт

 БҮТЭЭЛИЙН ЧӨЛӨӨ ОЛГОХ ЖУРАМ

 НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. ШУТИС-ийн дүрмийн 4.3 дугаар заалтыг үндэслэн тус сургуулийн эрдэмтэн, профессор, багш нарт дараахь болзлыг хангасан нөхцөлд эрдэм шинжилгээний болон бүтээлийн ажлыг дуусгаж тайлан гаргаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, диссертаци хамгаалах, ном, сурах бичиг хэвлүүлэх зорилгоор 6 сар хүртэл хугацаагаар бүтээлийн чөлөө олгох болно.

ХОЁР. ПРОФЕССОР, БАГШ НАРТ БҮТЭЭЛИЙН ЧӨЛӨӨ ОЛГОХ БОЛЗОЛ

  1. ШУТИС-ийн эрдэмтэн багш бичсэн ном, сурах бичгээ дуусгаж хэвлүүлэхэд нь зориулж 10 жил тутамд 1 удаа 6 хүртэл сарын хугацаатай бүтээлийн чөлөөг олгоно.
  2. Эрдэм шинжилгээний ажил хийх доктор (Ph.D)-ын болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах диссертаци бичиж байгаа багшид уг ажлаа дуусгаж хамгаалахад нь 3-6 сарын хугацаатай бүтээлийн чөлөө олгоно. (Ph.D)-3 сар, шинжлэх ухааны доктор-6 сар хүртэл)
  3. Бүтээлийн чөлөө олгох хугацаанд профессор багшид үндсэн цалинг олгох ба цалинг сар бүрийн ажлын гүйцэтгэлийг дүгнэсний үндсэн дээр шийдвэрлэнэ.
  4. Бичсэн ном, сурах бичиг нь сургуулийн тухайн жилийн ном, хэвлэлийн төлөвлөгөөнд тусгагдсан байна.
  5. Ном, сурах бичгийн санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн байна.
  6. Бичсэн ном, сурах бичиг, диссертацийн ажлын 60-аас доошгүй хувь нь бичигдсэн нөхцөлд уг ажлыг бүрэн дуусгах зорилгоор бүтээлийн чөлөө олгоно.
  7. Хамтын бүтээл авах тохиолдолд нийлбэр чөлөөний хугацаа 6 хүн/сараас хэтрэхгүй байна.
  8. Бүтээлийн чөлөөний хугацаанд цагаар хичээл заахгүй.

ГУРАВ. ЧӨЛӨӨ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Бүтээлийн чөлөө олгохыг хүссэн багшийн хувийн өргөдөл
  2. Бүтээлийн чөлөө олгох асуудлыг авч хэлэлцсэн үндсэн нэгжийн хамт олны хурлын протокол
  3. Бүтээлийн чөлөө олгох саналыг авч хэлэлцсэн сургууль, хүрээлэнгийн захирлын зөвлөлийн хурлын шийдвэр
  4. Бүтээлийн чөлөө хүссэн багшийн ажил байдлын тодорхойлолт
  5. Бүтээлийн чөлөөний хугацаанд хийх ажлын каленьдарчилсан төлөвлөгөө
  6. Бүтээлийн чөлөө авах багшийн сургуультайгаа байгуулсан гэрээ.