ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны төвийн нийтлэг журам /2012/


  Эрдэм шинжилгээний єгvvлэл бичих заавар
 

ШУТИС-ийн Ректорын 2012 оны 04-р сарын 24-ний

өдрийн А-74 тоот тушаалын хоёрдугаар хавсралт

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН

НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, ШУТИС-ийн дүрмийг үндэслэн тус их сургуульд Эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, туршилтын төв байгуулж ажиллуулах, түүний үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил эрхлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, их сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи дамжуулах зорилготой тодорхой чиглэлийн эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, туршилтын төв (цаашид төв гэнэ)-ийг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнг түшиглэн эрдэм шинжилгээний нэгж байдлаар байгуулж ажиллуулна.

1.3. Төв нь улсын болон бизнесийн байгууллагын захиалгат төсөл, гэрээт ажил болон гадаадтай хамтарсан эрдэм шинжилгээний төсөл, судалгааны гэрээт ажил гүйцэтгэх, мэргэшүүлэх сургалт явуулах, инноваци, технологи дамжуулалтыг хөгжүүлэх зорилго бүхий нэгж байна.

Хоёр. Төв байгуулах

2.1. ШУТИС-ийн захиргаа, нэгж байгууллагууд болон багш, судлаачдын (цаашид үүсгэн байгуулагч гэх) санаачилгаар бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнг түшиглэн төв байгуулж ажиллуулна.

2.2. Үүсгэн байгуулагч төв байгуулах үндэслэл, санал, хүсэлтээ холбогдох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжсэн шийдвэр, энэхүү нийтлэг журамд нийцүүлэн боловсруулсан төвийн дүрмийн төслийн хамт их сургуулийн Инноваци, технологи дамжуулалтын алба (цаашид ИТДА гэх)-нд ирүүлэх ба төв байгуулах асуудлыг ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.

2.3. Төвийн үйл ажиллагааны дүрмийг Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталж, ректорын тушаалаар баталгаажуулах бөгөөд шинээр байгуулагдсан төвд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний нэгж байгууллагын бүртгэлийн гэрчилгээг 2 жилийн хугацаатайгаар олгоно.

2.4. Төвийн гэрчилгээ дээр төвийн нэр, хаяг, эрхлэх үйл ажиллагааны чиглэл, үүсгэн байгуулсан шийдвэр, огноо, хүчинтэй хугацааг тэмдэглэж их сургуулийн Ректор гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд гэрчилгээний хугацаа дууссан тохиолдолд эрдэм шинжилгээ, технологийн проректор гэрчилгээний хүчинтэй хугацааг 2 жилээр сунгаж гарын үсэг зурна.                                     

Гурав. Төвийн удирдлага, зохион байгуулалт

3.1. Төвийн захирлыг ШУТИС-ийн ректор, холбогдох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн удирдлагатай зөвшилцөн 2 жилийн хугацаатайгаар томилох ба дахин 2 жилийн хугацаатайгаар үргэлжлүүлэн ажиллуулж болно.

3.2. Төвийн захирал нь холбогдох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн байх бөгөөд төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, их сургуулийн дүрэмд заасан холбогдох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.3. Төвийн дотоод бүтэц, орон тоо, цалингийн сүлжээг Засгийн газрын тогтоосон цалингийн сүлжээний жишгийг баримтлан төвийн захирал тодорхойлж холбогдох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн захирал болон их сургуулийн эрдэм шинжилгээ, технологийн проректороор батлуулж ажиллана.

3.4. Төвийн захирал нь төвийн ажилтнуудыг сонгон шалгаруулж, ажилд авах ба ажлаас чөлөөлөх санал гаргах ба холбогдох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн захирлын тушаалаар шийдвэрлүүлнэ.

3.5. Төвийн үйл ажиллагааны хүрээнд гүйцэтгэх эрдэм шинжилгээ, судалгааны ажил, төсөл, үйлдвэрлэл, үйлчилгээний ажлын гэрээнд төвийн захирал, холбогдох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн захирал, гүйцэтгэх төслийн санхүүжилтийн хэмжээ 10 сая төгрөгөөс дээш тохиолдолд их сургуулийн эрдэм шинжилгээ, технологийн проректор нар гарын үсэг зурж баталгаажуулна.

3.6. Төв нь албан үйл ажиллагаандаа баталгаажсан лого, албан хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

3.7.  Төвийн албан хэргийг улсын болон их сургуулийн хэмжээнд мөрдөх албан хэргийн хөтлөлтийн дүрэм, журам, зааврын дагуу хөтөлнө.

Дөрөв. Төвийн үйл ажиллагаа, санхүү

4.1. Төв нь үйл ажиллагааны үндсэн болон холбогдох чиглэлийн дагуу эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулна.

4.2. Төв нь улсын болон бизнесийн байгууллагын захиалга, санхүүжилттэйгээр шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл хэрэгжүүлэх, суурь болон хавсарга судалгааны сэдэвт ажил гүйцэтгэх үйл ажиллагааг бие даан болон гадаад, дотоодын бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

4.3. Төв нь дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ технологи, аргачлал боловсруулах, их сургууль-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, инноваци, технологи дамжуулалтыг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулна.

4.4. Төвөөс үйл ажиллагааны чиглэлийн дагуу эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, улсын болон олон улсын хэмжээнд хэрэгжих төсөл, зорилтот хөтөлбөрүүдэд оролцох, хамтран хэрэгжүүлэх зэрэг ажиллагаа явуулж болно.

4.5. Төв дээр хийж гүйцэтгэх улсын төсвийн санхүүжилттэй захиалгат төсөл, гэрээт ажлын хэрэгжилт, явц, гүйцэтгэл, үр дүнд их сургуулийн ИТДА, холбогдох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл хяналт тавьж, явцын тайланг хагас жил тутамд хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгнө.

4.6. Бүрэлдэхүүн сургууль, хүрээлэн нь төв дээр хийж гүйцэтгэж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд болон төвийн үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хэвийн ажиллах нөхцөл боломжоор хангана.

4.7. Төв нь бакалавр, магистр, докторын сургалт, дадлагын ажил, оюутны эрдэм шинжилгээ, зохион бүтээх ажлыг дэмжин оролцох ба холбогдох профессорын баг, тэнхимтэй хамтран ажиллана.

4.8. Төв нь төслийн санхүүжилтэд олгосон улсын төсвийн хөрөнгө, төвөөс явуулсан ажил, үйлчилгээний төлбөр, бусад төсөл, гэрээт ажил, сургалт болон өөрийн үйл ажиллагааны бусад орлого, эх үүсвэрээр санхүүжиж ажиллана.

4.9. Төвийн санхүүгийн үйл ажиллагааг холбогдох бүрэлдэхүүн сургуулийн банкны харилцах дансанд туслах дэд данс нээлгэх буюу буюу их сургуулийн  Эрдэм шинжилгээний дансыг ашиглан явуулна.

4.10. Төвийн захирал, ажилтнуудад холбогдох цалин хөлс болон бусад урамшууллыг зөвхөн төвийн өөрийн орлогоос төслийн удирдагч, төвийн захирал нарын тодорхойлолтыг үндэслэн холбогдох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн захирлын баталсан хэмжээгээр олгоно.

4.11. ШУТИС-ийн профессор багш нар төвийн орон тоон дээр ажилласан тохиолдолд цалин хөлс, нэмэгдлийг зөвхөн төвийн өөрийн орлогоос олгоно.

4.12. Төв дээр хэрэгжүүлж гүйцэтгэж буй төслийн санхүүжилтийн төсвийн зардлын хуваарь, төсөлд оролцож буй гүйцэтгэгчдийн цалингийн хэмжээ, жишиг харьцаа зэргийг төвийн захирал, төслийн удирдагч нар холбогдох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн захирлаар батлуулж мөрдөнө.

4.13. Төвийн санхүүгийн үйл ажиллагаа, бүртгэл, тайланг холбогдох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн нягтлан бодогчид хариуцан гүйцэтгэх бөгөөд энэ үйл ажиллагаатай нь холбогдох цалин хөлсийг төвийн үйл ажиллагааны орлогоос урамшуулал хэлбэрээр олгож болно.

4.14. Улсын болон ШУТИС-ийн хөрөнгө оруулалтаар байгуулсан, ШУТИС-ийн гадаад, дотоод хамтын ажиллагааны үр дүнд буй болсон лаборатори, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь ШУТИС-ийн өмчид бүртгэгдэх ба төвийн үйл ажиллагааны хүрээнд буй болсон оюуны бүтээл нь ШУТИС-ийн оюуны өмч байна.

Тав. Төвийн эрх, үүрэг

5.1. Төв өөрийн үндсэн үйл ажиллагаандаа зайлшгүй шаардлагатай тусламж дэмжлэгийг ШУТИС-ийн нэгж байгууллагуудаас авах эрхтэй.

5.2. Төв нь эрдэм шинжилгээ, туршилт, лабораторийн багаж хэрэгслийг гэрээний үндсэн дээр гаднын байгууллагаас авч ашиглах буюу гадны байгууллагуудад ашиглуулж болно.

5.3. Төв нь шинжлэх ухаан, технологи, инновацийн төсөл хэрэгжүүлэх болон суурь судалгааны сэдэвт ажил гүйцэтгэх зорилгоор ШУТИС-ийн Технологийн сангаас санхүүгийн дэмжлэг авах эрхтэй.

5.4. Төв өөрийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлогоос “ШУТИС-ийн Технологийн сангийн журам”-д заасан хувь хэмжээгээр зохих шимтгэлийг Технологийн сан болон бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн санхүүд төвлөрүүлнэ.

5.5. Төвийн захирал тухайн төвийн эрдэм шинжилгээний ажлын мэдээллийг их сургуулийн мэдээллийн нэгдсэн баазад тухай бүрт нь бүрэн оруулж, холбогдох тайлан мэдээг их сургуулийн ЭШТГ-т заасан хугацаанд тогтмол ирүүлж байна.

5.6. Төв нь гадаад, дотоодын байгууллагуудтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд нь бүрэн биелүүлнэ.

5.7. Төв нь үйл ажиллагаандаа их сургуулийн захиргаа, санхүүгийн болон эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, гэрээт ажил гүйцэтгэх дүрэм, журмуудыг мөрдөж ажиллана.

Зургаа. Хариуцлага ба бусад

6.1. Төвийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг төвийн захирал, холбогдох бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн захирал, их сургуулийн эрдэм шинжилгээ, технологийн проректор нар гурван талын үр дүнгийн гэрээ байгуулан баталгаажуулж, биелэлтийн тайланг ИТДА, бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлд тайлагнаж байна.

6.2. Төвийн ажил, үйлчилгээ, үр дүнгийн үзүүлэлтийг их сургуулийн үндсэн нэгж болох холбогдох профессорын багийн ажилтай давхцуулахгүйгээр төлөвлөж, үр дүнгийн тайланг тусгайлан гаргаж дүгнэж байна.

6.3. Төвийн үйл ажиллагаанд 2 жил тутамд ШУТИС-ийн захиргаанаас бүрэн хэмжээний дотоод аудит хийж, үнэлэлт дүгнэлт гарган их сургуулийн Ректорын зөвлөлд танилцуулж байна.

6.4. Их сургуулийн хэмжээнд төвүүдийн аттестатчиллыг 3 жил тутамд явуулах бөгөөд амжилттай ажилласан тэргүүний төвүүдийг шагнаж урамшуулах ба хангалтгүй дүгнэгдсэн төвүүдэд зохих журмын дагуу хариуцлага тооцно. 

6.5. Ажлын хариуцлага алдсан, алдаа дутагдал гаргасан, холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн, гэрээт болон төслийн ажлын гүйцэтгэлийг хангаагүй, үр дүнгийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төвийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг ШУТИС-ийн Захиргаанаас гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

6.6. Төвийг дараах тохиолдолд их сургуулийн Ректорын зөвлөлийн шийдвэрээр татан буулгах буюу өөрчлөн зохион байгуулна. Үүнд:

                        а.   Үүсгэн байгуулагч санал, хүсэлт гаргасан

                        б.   Аттестатчилалд хангалтгүй дүн үзүүлсэн

                        в.   Байгуулагдсанаас хойш хоёр жилийн дотор үйл ажиллагаа явуулаагүй

                        г.   ШУТИС-ийн дүрэм, нийтлэг журмыг мөрдөж ажиллаагүй

                        д. Монгол улын хууль тогтоомжийг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа  явуулсан  

6.7. Гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран байгуулсан төвийн хувьд энэхүү журмыг ерөнхийд нь баримтлах бөгөөд журамд зааснаас өөрөөр заасан асуудлыг тухайн төвийн үйл ажиллагааны дүрмийг баримтлан шийдвэрлэнэ.

6.8. Их сургуулийн хэмжээнд үйлчилж, үйл ажиллагаа явуулдаг тусгай чиг үүрэг бүхий төвүүдийн үйл ажиллагааг тухайн төвийн дүрэм, холбогдох бусад журмуудаар зохицуулна.