Зуны сургалт семинар 2014 тайлан мэдээ

Ээлжит зуны семинар энэ жил сургалт, семинарын хэлбэрээр явагдаж,  Монгол, Герман, Орос, Энэтхэг, Бангладеш, Хятад, Ирак болон Гана улсын магистр, доктор оюутнууд болон залуу, ахмад судлаач нар оролцлоо.

7-р сарын 7-оос 13-ны хооронд болсон энэхүү сургалт, семинарт Монгол улсаас С.Оюунсүрэн / МУИС-н багш/, Р.Даваасүрэн /ЭНЭСТ-н эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер/, Б.Балдорж /‘Чимчиг Хан’ ХХК-н захирал/, Ө.Ганзориг / Кемницийн ТИС-н доктор оюутан/ болон Т.Уранчимэг /ЭХИС-н Профессор, Доктор (PhD)/ нар оролцож илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Энэ удаагийн семинар доктор оюутнууд, судлаач нараас гадна магистр оюутнуудыг өргөнөөр хамруулснаараа онцлогтой байлаа. Орос, Энэтхэг, Бангладеш, Хятад, Ирак болон Гана улсын магистр оюутнууд өөрсдийн судалгааны ажлын чиглэлээр сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэн, олон орны судлаач, профессоруудтай нээлттэй ярилцаж, зөвөлгөө авлаа. Сүүлчийн жилээс эхлэн зуны семинарт ирүүлсэн илтгэлүүдээс шинжээчийн дүгнэлтээр шалгарсан илтгэлүүдийг эмхэтгэн хэвлэж эхэлсэн бөгөөд энэ жил ч мөн шаардлага хангасан илтгэлүүдийн эмхэтгэлийг нэгтгэн хэвлэж цахим санд байршууллаа.

Хэвлэгдсэн, тавигдсан илтгэлүүдээс шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэлийг шалгаруулан урамшуулсан нь энэ зуны сургалт, семинарын бас нэгэн онцлог байв. 2014 оны зуны сургалтын шилдэгээр ОХУ-н Новосибирск хотын ТИС-н Доктор оюутан А.А.Воленцов “Орос хэлнээс дохионы хэл рүү орчуулагч програм” өгүүлэл, илтгэлээрээ шалгарч Батламж, дурсгалын зүйлийг сургалтын ерөнхий зохион байгуулагч Профессор В.Хардтаас гардан авсан юм.

ШУТИС, КТИС болон НТИС хамтран ирэх жил энэхүү зуны сургалт, семинараа дахин зохион байгуулах хэлэлцэн тогтсоноор энэ удаагийн семинар өндөрлөсөн юм.

Та бүхнийг ирэх жилийн зуны семинарт өргөнөөр оролцохыг урьж байна.

Өмнөх семинаруудын талаарх мэдээллийг дараах холбоосуудаар орж уншина уу.

 

 

 

 

 

ШУТИС-н ЭХИС