ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний хурлын тэмдэглэлээс


9-р сар. 7, 2018, 10:06 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

2018 оны 09 дүгээр сарын 04                        Дугаар: 17                             Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1735 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн дэд захирал Н.Буянхишиг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар /онлайн/, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Чөлөө авсан: ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар.

Хэлэлцсэн асуудал:

1. “ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын өөрчлөлтийн танилцуулга

          ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

2. “Инженерийн бэлтгэл ангийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам”

СОАЭ дэд захирал Х.Энхжаргал

СБЗГ-ын дарга Д.Гэрэлт-Од

ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг

ХШУС-ийн захирал Д.Ганхуяг

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. “ШУТИС-ийн мэргэжлийн салбар, тэнхимийн үйл ажиллагааг зохицуулах журам”-ын өөрчлөлтийг дэмжиж, энэ хичээлийн жилийн намрын улирлаас мөрдөхөөр тогтов. Тус журмын хэрэгжилттэй холбогдуулан бүрэлдэхүүн сургууль, институтийн хичээлийн туслах ажилтны орон тоог хууль, дүрмийн дагуу хасах, тухайн орон тоонд ажиллаж байгаа хичээлийн туслах ажилтнуудад мэдэгдэл өгөх ажлыг зохион байгуулж ажиллахыг Захиргаа, хүний нөөцийн газар, бүрэлдэхүүн сургууль, институтийн захирлуудад үүрэг болгов.

2. Инженерийн бэлтгэл ангийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах түр журмыг зарчмын хувьд дэмжиж, орхигдсон зүйлийг нэмж найруулан батлуулахыг СОАЭ дэд захирал Х.Энхжаргал үүрэг болгов.

3. 1000 инженерийн коосэний бэлтгэл хамтарсан хөтөлбөрөөр ШУТИС-д 1,5 жил сургаад Японы коосэнд 3 жил суралцаж төгсөөд ирж байгаа залуучуудыг ШУТИС-ийн бакалаврын зэрэг авахад зориулсан зохицуулалт хийхийг СОАЭ дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.

4. Боловсролын зээлийн сангийн сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл авах хүсэлт гаргасан оюутнуудын материалыг бүрдүүлж ШУТИС-ийн төв комисст ирүүлэхийг бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад, бүрэлдэхүүн сургуулиудаас ирүүлсэн материалыг нягтлан, нэгтгэж Боловсролын зээлийн санд хүлээлгэн өгч, тооцоо хийж ажиллахыг ШУТИС-ийн төв комиссын дарга Д.Батдоржид үүрэг болгов.

5. 2018/2019 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлав.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР