“2024 UNESCO UNITWIN Kick-off Meeting” арга хэмжээнд ШУТИС-ийн төлөөлөл оролцлоо

ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны ахлах мэргэжилтэн Д.Батдорж нар Малайз улсын Куала Лумпур хотод 2024 оны 03 сарын 04-ний өдрөөс 03 сарын 09-ний хооронд болсон “2024 UNESCO UNITWIN Kick-off Meeting” арга хэмжээнд оролцлоо.  

“2024 UNESCO UNITWIN Kick-off Meeting” арга хэмжээг БНСУ-ын Солонгосын Нээлттэй Их Сургууль (Korea National Open University) болон Малайзын Нээлттэй Их Сургууль (Open University Malaysia) хамтран “UNESCO-UNITWIN” төслийн хүрээнд зохион байгуулсан.

Уг арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан “2024 UNESCO-UNITWIN KNOU Project on Sharing Knowledge & Experience of Distance Education in Higher Education” олон улсын хуралд Солонгос, Малайз, Непал, Вьетнам, Монгол зэрэг орны профессор багш нар оролцож, өөрийн орны дээд боловсролын туршлага, цахим сургалтын явц, чанарын баталгаажуулалтын талаар хэлэлцүүлж туршлага солилцлоо. ШУТИС-ийн төлөөлөл Монгол улсын дээд боловсролын чанарын баталгаажуулалт, ШУТИС-ийн удирдлагын менежментийн систем, цахим сургалт болон “UNESCO-UNITWIN” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн тус арга хэмжээний үеэр ШУТИС-ийн төлөөлөл Малайзын Нээлттэй Их Сургуулийн ректор болон проректортой уулзаж хамтын ажиллагааны санамж бичигт оруулах саналуудаа харилцан тохиролцож, ШУТИС-ийн хүний нөөцийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх цахим сургалтын хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов.

 

“UNESCO-UNITWIN” хөтөлбөрийн хүрээнд ШУТИС болон БНСУ-ын Солонгосын Үндэсний  Нээлттэй Их Сургуультай хамтарсан “MUST-KNOU Center for Korean studies” төв байгуулах санамж бичгийг 2024 оны 02 сарын 06-нд зурж, ШУТИС-ийн санхүүжилтээр төвийн өрөөг тохижуулав. Мөн уг төслийн хүрээнд оюутан, багш нарт зориулсан олон талын сургалт, семинар зохион байгуулж байгаа бөгөөд “Мэдээллийн технологийн чадавхыг дээшлүүлэх” сургалтад ШУТИС-ийн ГХС-ийн 20 оюутан амжилттай хамрагдаж төвийн  нээлтийн үеэр гэрчилгээгээ гардан авсныг дуулгахад таатай байна. 

ШУТИС-ийн Захиргаа

Инженерийн ахисан түвшний сургууль

Гадаад хэлний сургууль