ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль “ХААН Банк” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Н.Чулуунбанди, “ХААН Банк” ХК-ний Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба нар 2024 оны 4 сарын 4-ний өдөр “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэ  үеэр “ХААН Банк” ХК-ний Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б.Ариунболд, Мэдээлэл технологийн энтерпрайз платформ удирдлагын газрын захирал Г.Хуягбаатар болон бусад албаны хүмүүс МХТС-ийн профессор, багш нартай хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож сургуулийн судалгааны лаборатори, орчинтой танилцлаа.

“ХААН Банк” ХК нь 1991 онд байгуулагдсан үндэсний хэмжээний арилжааны банк бөгөөд технологийн дэвшилд ихээхэн хөрөнгө оруулж, цахим шилжилтэд анхааран банкны бараг бүх үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлж чадсан тогтвортой хөгжил, дижитал үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлэгч банк юм. 6000 орчим ажилтантайгаас 380 орчим технологийн ажилтантай бөгөөд 100 орчим мэдээллийн технологийн төслийг хэрэгжүүлж өнгөрсөн 3 сард банкны салбарын анхны “Инновацын төв”-ийг байгуулж их сургууль, судлаачид, оюутан залууст хамтран ажиллах боломжийг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж чадсан юм. МХТС-ийн олон арван төгсөгчид ажиллаж байгаа үндсэн ажил олгогчдын нэг бөгөөд оюутнуудыг дадлага хийх; бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнесийн үйл ажиллагаандаа МХТС-ийн оюутан, багш судлаачдыг оролцуулах, инновац бий болгоход хамтран ажиллах; инновацын төвийн оффист байршин ажиллаж буй оюутан, төслийн баг, судалгааны багуудад мэргэжлийн зөвлөгөө өгөх, туршлага хуваалцах, дадлагажуулах боломжуудаар хамтран ажиллах; МХТС-ийн сургалтын орчин, судалгааны лаборатори, дадлагын баазыг шинэчлэн  сайжруулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх зэрэгт идэвх санаачилгатай ажиллахаар талууд харилцан тохиролцов.

МХТС