IEEE Mongolia Section анхдугаар уулзалт болов

Инженерийн салбарт томоохон үүрэг гүйцэтгэдэг мэргэжлийн холбоо болох IEEE (Institute of Electrical and Electronics Engineering) байгууллагын салбарыг Монгол улсад байгуулах санаачилгыг ШУТИС гарган Introduction to IEEE Organization сэдэвт анхдугаар уулзалтыг зохион байгуулав. Семинарт ШУТИС, МУИС, бүрэлдэхүүн хүрээлэнгүүд, бусад их дээд сургууль, байгууллагуудаас нийт 89 судлаач, багш нар, оюутнууд оролцлоо.

Семинарыг нээж ШУТИС-ийн Ректор Б.Очирбат үг хэлэхдээ: “Инженер технологи, хэрэглээний шинжлэх ухааны салбарын олон улсын эрдэмтэн, судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн тэргүүлэх зэрэглэлийн мэргэжлийн холбоо болох IEEE –ийн  салбарыг байгуулах гэсэн санааг дэвшүүлж байгаа юм. Ийм боломж одоо бүрдээд байна. IEEE байгууллага 1884 онд электрик инженерийн хүрээлэн нэртэй байгуулагдсан бөгөөд өнөөдөр дэлхийн томоохон сүлжээ болон өсжээ. 2012 онд ШУТИС-ийн хүндэт доктор цол хүртсэн Dr. Richard Gower IEEE-ийн ерөнхийлөгч бөгөөд Зууны ерөнхийлөгч болж байсан. Тэрбээр Монголд зориулсан сан байгуулан ШУТИС-ийг түшиглэн Монгол дахь салбар нэгжийг нээх хүсэлт тавьж байсан юм. Бид уг төвийг Монголдоо байгуулан нэгдээд өөрийн нэгжтэй болж  эрдэм шинжилгээний сэтгүүл, хурлуудыг индексжүүлж олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдэнэ. Зөвхөн ШУТИС бус бусад их сургуулиуд, хүрээлэнгүүд нэгдээд энэ нэгжийг Монголд байгуулж дэмжээд явах боломжтой” хэмээн тэмдэглэсэн нь IEEE –гийн салбарыг Монголд байгуулах ач холбогдлыг улам тодотгон өглөө.

      

Семинараар Эрдэм шинжилгээний албаны мэргэжилтэн Б.Дорждэрэм IEEE байгууллагын тухай”, “IEEE Mongolia Section байгуулах санаачилга, бэлтгэл ажлын танилцуулга” сэдвүүдээр, Багшийн хөгжлийн төвийн захирал проф. Т.Уранчимэг IEEE-гийн гишүүнчлэл, түүний үр өгөөж” сэдвээр тус тус танилцуулга хийсэн юм.  

  

Өнөөдрийн байдлаар идэвхитэй байгаа 6 гишүүний тоог богино хугацаанд нэмэгдүүлж, гишүүнчлэлийн эрхийг даган нээгддэг боломжуудыг хэрхэн ашиглах яриа, хэлэлцүүлэг явагдлаа. Улмаар ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний албыг түшиглэн IEEE Mongolia Section байгуулах шийдвэрийг семинараас гаргав. Энэхүү үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах сонирхолтой байгууллага, сургуулиуд, хүрээлэнгүүд Эрдэм шинжилгээний албаруу (research@must.edu.mn) бүрэлдэхүүн сургуулиуд Багшийн хөгжлийн төврүү (contact_fdc@must.edu.mn) хандан хүсэлт гаргахаар хэлэлцэж тохирлоо.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ