IMPC-2016 олон улсын хурал боллоо

Олон улсын эрдсийн боловсруулалтын зөвлөлөөс зохион байгуулдаг International Mineral Processing Congress (IMPC-2016) хурал Канадын Кюбек хотноо 2016 оны 9-р сарын 11-15-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Канадын Уул уурхай, металлурги, газрын тосны хүрээлэн энэ удаагийн хурлын хамтран зохион байгуулагчаар оролцов.  

Уг хурлын гол зорилго нь эрдэс боловсруулалтын өнөөгийн түвшин, үйлдвэрлэлийн шинэ дэвшилтэт техник  технологи, эрдэм шинжилгээ, судалгааны талаар мэдээлэл солилцох, залуу судлаачдыг дэмжих, бизнесийн боломжийг нээхэд оршино. 

Энэ удаагийн XXYIII хуралд 16 салбар хуралдаанаар 50 гаруй орны 665 илтгэл хэлэлцэгдэж 80 орчим үйлдвэрлэгдчдийн үзэсгэлэн гарлаа.

 

IMPC-2016 хурлын салбар хуралдаан нь цахилгаан металлурги, гидро ба пиро металлурги, өнгөт металлурги-боловсруулалт-хэрэглээ, газрын ховор элемент, шинэ материал, гидрометаллургийн процесс дахь төмрийн хяналт, хүдэр баяжуулалт, хүдэр ангилах баяжуулах физик аргууд, минералоги, геометаллурги, бутлалт ба нунтаглалт, түүхий эдийн усгүйжүүлэлт,  байгаль орчин - дахин боловсруулалт - нийгмийн хариуцлага, үйлдвэрлэлийн загварчлал, хяналтын процесс, судалгааны шинэ орон зай-мөсөн далай-далай доорхи-сансар огторгуй гэсэн чиглэлүүдээр явагдсан бөгөөд залуу судлаачдыг дэмжих үүднээс  35 хүртэлх насны шилдэг илтгэгчийн бүтээлийг шалгаруулан тэтгэлэг олгодог байна. Мөн богино хугацааны үйлдвэрлэлийн сургалтуудыг зохион байгуулдагаараа бусад хурлуудаас онцлог юм. Тус хуралд Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургуулийн Химийн инженерчлэлийн салбарын ахлах багш А.Сарнай миний бие амжилттай оролцоод ирлээ.

Олон улсын эрдэс боловсруулалтын хурал нь 2 жилд нэг удаа зохиогддог бөгөөд  дараагийн XXIX хурал 2018 онд ОХУ-ын Москва хотноо болох бөгөөд уг хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://impc-council.com/ болон  http://www.impc2016.org гэсэн хаягуудаар орж танилцана уу.