БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол орны хөгжил дэвшилд ШУТИС-ийн оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан явдалд төрөлх сургуулийн эрдэмтэн багш, оюутан залуус, ажилтан ажилчид, төгсөгчид, дэмжигчид та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргэе.

ШУТИС-ийн үе үеийн төгсөгчид, эрдэмтэн багш нарын оюун ухаан, эрдэм мэдлэг, бүтээлч гар хүрээгүй нийгэм эдийн засгийн салбар манай оронд байхгүй. ШУТИС-ийн эрдэмтэн багш нараар мэдлэг чадвараа хурцлуулж, танхим, лабораторид нь ухаанаа уралдуулж, дадлага чадвараа батжуулсан 75000 мэргэжилтнүүдийн улс орны хөгжилд оруулсан хувь нэмэр,  техник, технологийн хөгжилд дорвитой үр дүн өгсөн эрдэм, судалгааны ажлууд, ардчилсан нийгэмд идэвхитэй иргэн бэлтгэхэд үзүүлж байгаа үйлчилгээний цар хүрээ зэргийг төр засаг бодитойгоор үнэлж энэ өндөр шагналыг хүртээсэн гэж бодож байна.

ШУТИС-ийн түүхэн хөгжлийн хүндхэн бөгөөд шилжилтийн үе буюу ТИС-ээс ШУТИС болох 11 жилд дээд сургуулиас их сургуулийн зиндаанд хүрэх, улмаар дэлхийн их сургуулиудын хэмжээнд сургалт, эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалтыг хүргэх ажлыг удирдах манлайлах хүндтэй үүрэг надад ногдсон юм. Энэ том зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд миний удирдлагын багт намайг дэмжин ажиллаж байсан чадварлаг хамтран зүтгэгчид нартаа болон надад итгэл хүлээлгэж ажилласан эрдэмтэн багш, ажилтан ажилчид та бүхэнд энэ завшааныг ашиглан баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дэндэвийн Бадарч

Доктор, профессор

ШУТИС-ийн ректор (1992-2003)