“Европын гэр ахуйн нэхмэл, чимэглэлийн зах зээлд чиглэсэн ээлтэй дизайнтай бүтээгдэхүүн хѳгжүүлэх хѳтѳлбѳр”-ийн сургалт семинар боллоо

Европын гэр ахуйн нэхмэл, гэрийн чимэглэлийн зах зээлд Монголоос гаргахад тохиромжтой бүтээгдэхүүний багтаамж ойролцоогоор 160 сая евро байдаг. Монгол улсад “Гэр ахуйн ноос, ноолууран бүтээгдэхүүн”-ний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Европын зах зээлд экспортлоход дэмжих, мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилтот “Ээлтэй дизайнтай бүтээгдэхүүний хѳгжүүлэлт” хөтөлбөрийг ШУТИС-ийн ҮТС хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн эхний ээлжинд манай улсын Ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 үйлдвэр хамрагдаад байна.

Европын зах зээлд нийцсэн, ээлтэй дизайнтай бүтээгдэхүүн хѳгжүүлэх, үйлдвэрлэхэд Монголын мэргэжилтнүүдийг сургахад зориулагдсан эхний 2 шатны сургалт семинарыг CBI байгууллагын мэргэжилтэн, олон улсын эксперт Kees Bronk, Irene Vermuelen нар  удирдан явуулж, үйлдвэрүүдэд зочилж зөвлөгөө өглөө (2016.11.11-26). Сургалтаар Европын гэр ахуйн нэхмэл, гэр ахуйн чимэглэлийн бүтээгдэхүүнүүдийн төрөл ангилал, тэдгээрт тавигддаг шаардлага, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар суралцав. Үйлдвэрүүд тус бүртээ сонгосон бүтээгдэхүүнээ хэрхэн “Ээлтэй дизайнтай” гэдэг шалгуурт нийцүүлэх маркетингийн тѳлѳвлѳгѳѳ боловсруулж эхлээд байна. Цаашид тусгайлсан сургалтанд хамрагдсан зөвлөгөө өгөх экспертүүд (ШУТИС, СУИС-ийн багш, дизайнер) 2-3 үйлдвэрийг хариуцан мэргэжлийн зөвлөгөө өгч Олон улсын үзэсгэлэнд оролцоход бэлтгэх юм.

Семинарыг  ҮТС-ийн захирал Ж. Туяацэцэг нээв. Төслийн эксперт, зөвлөх багийн гишүүд

Нидерландын мэргэжилтнүүд монголын ноос ноолууран түүхий эд, бүтээгдэхүүний чанар САЙН байгааг тодотгож ШИНЭ чиглэлийн үйлдвэрлэл амжилттай хөгжихөд итгэж байна гэв.

Сургалтын үйл явцаас

Амжилттай төгсөгчдөд CBI –ийн  лого, тамга бүхий ГЭРЧИЛГЭЭ олгов.

Дараагийн шатанд энэ чиглэлээр мэргэшсэн дизайнерууд Монголд ирж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний дизайныг сайжруулахад зөвлөгөө өгч хамтран ажиллана. Энэ ажлын бэлтгэл хангах зорилготойгоор үйлдвэр тус бүрийн мэргэжилтнүүдтэй уулзаж, бүтээгдэхүүнтэй танилцан зөвлөгөө өгөв.

Олон улсын эксперт, дизайнер Irene Vermuelen тѳсѳл хѳтѳлбѳр оролцогчдоос гадна, ноос ноолуурын мэргэжилтнүүд, энэ салбарын багш оюутнуудад зориулан “Европын нэхмэлийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний загвар, дизайны чиг хандлага” сэдвээр сонирхолтой лекц уншиж, сонсогчидтой харилцан яриа ѳрнүүлсэн нь шинэ санаа, шинэ боломж олж харахад ихээхэн тус болж чадсан.

Сургалтад оролцогчид энэхүү арга хэмжээнд ѳндѳр сэтгэгдэлтэй байсан бөгөөд  европын хэрэглэгчдийн хэрэгцээ, таашаалд нийцсэн дизайнтай бүтээгдэхүүн хѳгжүүлэх чиглэлээр олсон мэдлэг нь экспортоо нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж байлаа.

 “Ээлтэй дизайн” аргачлал нь үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийг зөвхөн ашиг орлого олох талаас төдийгүй эх дэлхий, хүн болоод нийгэмд эерэг нөлөөтэй, ашиг тустай байх чиглэлд хөгжүүлэх, түүнд ѳѳрсдийн ѳвѳрмѳц соёл, түүхийг шингээн үйлдвэрлэх нь  шалгуур өндөртэй хэрэглэгчдэд хүргэдэг арга болохыг ойлгож мэдлээ гэсэн сэтгэгдэлтэйгээр шинэ төрлийн бүтээгдэхүүн хөгжүүлэх ажилдаа орлоо. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Зохион байгуулагчдын төлөөлөл

ШУТИС. ҮТС. Текстил судлалын салбарын проф. Д. Энхтуяа,

Тѳслийн зохицуулагч Б. Мандухай