Хятад хэлний клубын “Өрнө, дорнын сэтгэлгээний онцлог хийгээд соёлын орчуулга” сэдэвтэй хэлэлцүүлэг, “Хятад уран бичлэг”-ийн хичээл амжилттай болж өнгөрлөө


4-р сар. 10, 2017, 12:40 p.m.

ГХИ-ийн хятад хэлний клубын 2016-2017 оны хичээлийн жилийн хаврын улирлын арга хэмжээний хүрээнд “Өрнө, дорнын сэтгэлгээний онцлог хийгээд соёлын орчуулга” сэдэвтэй хэлэлцүүлэг,“Хятад уран бичлэг”-ийн хичээлийг 2017 оны 04 сарын 08 нд амжилттай зохион явууллаа. 

Энэхүү хэлэлцүүлэгт МУИС-ийн Күнзийн институтийн монгол талын захирал МУСГЗ, доктор проф. М.Чимэдцэеэ уригдан өрнө дорно хийгээд монгол, хятад хэл, соёл, сэтгэлгээний харилцан шүтэлцээ, харилцан нөлөө, харилцан нөхцөлдөж байдаг зүй тогтлын талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.    

Хэл нь соёлыг тээж өртөөлдөг, хэлний аливаа махбод нь соёлын тодорхой агуулгыг тээж байдаг, үндэстний сэтгэлгээ нь хэлэнд тусч, хэлээр дамжин илэрдэг байна. Үндэстний сэтгэлгээний хэв маяг, онцлог, шинж төрх зэрэг нь тухайн үндэстний хэл үүсэн бүрэлдэх хөрс суурь болдог аж.

Тийнхүү бидний хэн ч болов сэтгэлгээний хэв маяг, өвөрмөц онцлог, шинж төрх зэрэг нь хэлээр дамжин илэрч, тухайн үндэстний өвөрмөц соёлыг бүрдүүлнэ. Соёлын хөгжил цэцэглэл нь хэлийг улам баяжуулж, хэл баяжсанаар сэтгэлгээний цар хүрээ өргөжин тэлдэг шүтэн барилдлага, зүй тогтолтойг таньж мэдсэнээр сургалт судалгаандаа илүү амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хэлэлцүүлэгт клубын дарга, зөвлөх багш, клубын гишүүд, ГХИ-ийн ТМО-ийн ангийн болон ЭХС-ийн хөтөлбөрийн ангийн оюутнууд идэвхтэй оролцсон үр дүнтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

 Хятад соёлтой танилцуулах зорилгоор “Хятад уран бичлэг”-ийн хичээлийг БНХАУ-аас ШУТИС-ийн ГХИ-д ажиллаж буй сайн дурын мэргэжилтэн багш Хань Шаохуйтай хамтран амжилттай явууллаа.

Энэхүү уран бичлэгийн хичээлд клубын гишүүд, хөтөлбөрийн ангийн оюутнууд оролцож хятад уран бичлэгийн соёлтой танилцан, өөрсдөө бичиж бяцхан бүтээл гаргасан нь энэхүү хичээлийн нэг онцлог боллоо.  

Дашрамд дурдахад Хятад хэлний клубын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг хийгээд клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубын гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

ГХИ-Хятад хэлний клуб