“Mitsubishi Electric” корпорацийн програмчлагдах логик контроллёр, хөдөлгүүрийн удирдлагын лаборатори нээгдлээ

Японы “Mitsubishi Electric” корпорацийн “Setsuyo Astec Corporation”-ийн хандиваар байгуулагдсан “Програмчлагдах логик контроллёр, хөдөлгүүрийн удирдлагын лаборатори”-ийн өргөтгөлийн нээлт 2017 оны 04-р сарын 24-ний өдөр ШУТИС-ийн Эрчим хүчний сургуульд болов.

Лабораторын нээлтийн арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн Японы элчин сайдын яамны Соёл Урлаг, Олон нийттэй харилцах хэлтэсийн ахлах Кэиго Яамамото, Мицубиши Электрик корпорацийн ерөнхий менежер Масахиро Фужисава, Сецуёо Астек корпорацийн менежер Масатоши Кайбори, Сатоми Ямаучи нарыг ШУТИС-н ректор Б.Очирбат хүлээн авч уулзав.

Програмчлагдах Логик Контроллёр (PLC) нь орчин үеийн үйлдвэрлэлийн ба технологийн процессын автоматжуулалтын хамгийн өргөн дэлгэрсэн, хамгийн чухал удирдлагын төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмж нь програмын аргаар технологийн процесыг удирдах уяан хатан ажиллагаатай, өндөр найдваржилттай, өргөн боломжтой, бусад төхөөрөмжүүдтэй хамтран ажиллах боломж сайтай зэрэг давуу талуудтай тул орчин үед маш өргөн хэрэглэгдэх болсон.

1995 онд Эрчим Хүчний Сургуульд анхны програмчлагдах логик контроллёрийн лабораторийг Сингапурын политехникийн дээд сургуулийн тусламжтайгаар байгуулж байсан. Энд японы Matsushita Electric компанийн FP1-24С маягийн програмчлагдах логик контроллёр 6 ширхэг ажиллаж байв. 2000-2002 онд уг лабораторийг Японы сайн дурын нийгэмлэг (JOCV) байгууллагын тусламжаар японы Мицубиши Электрик компанийн MELSEC FX1 програмчлагдах контроллёр болон “Mitsubishi FR-A540” маягийн хөдөлгүүрийн удирдлагын болон бусад дагалдах төхөөрөмжөөр шинэчлэн тоноглосон. “Mitsubishi Electric” компани нь 1977 оноос програмчлагдах логик контроллёрын хувилбаруудыг бүтээж, худалдаанд гаргаж эхэлсэн арвин туршлагатай компани юм.

Энэ удаа програмчлагдах логик контроллёрын лабораторийг Япон улсын “MITSUBISHI ELECTRIC" корпорацийн  “SETSUYO ASTEC CORPORATION” -ийн тусламжаар хамгийн сүүлийн үеийн өндөр хурдтай, мэдрэгч дэлгэц болон FX3G-40MT/ES-A маягийн програмчлагдах логик контроллёрын 15 иж бүрдэл төхөөрөмж, MELSERVO JNA маягийн серво хөдөлгүүрийн удирдлагын 2 иж бүрдэл төхөөрөмж, 3 иж бүрдэл хөдөлгүүрийн удирдлагын хөтлүүр зэрэг нийт 750 гаруй мянган иенийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээн авч байна.

Энэ тоног төхөөрөмжийг тээвэрлэн оруулж ирэхэд  “ЭРЧИМ ИНЖЕНЕРИНГ” ХХК хамтран ажиллав.

Энэхүү лабораторийн төхөөрөмжүүд нь Цахилгаан системийн автоматжуулалт, үйлдвэрлэлийн автоматжуулалтын мэргэжлээр суралцаж байгаа бакалавр, магистр, доктор оюутны сургалтанд голлон ашиглагдахаас гадна үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд мөн ашиглагдах юм.

ЦТСалбарын эрхлэгч Ч.Нацагдорж