“Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2018” өдөрлөг боллоо

“Ажлын байрны үзэсгэлэн яармаг” өдөрлөг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр болж өнгөрлөө. Өдөрлөгийг ШУТИС-ийг төгсөгчдөө ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл зөвлөгөө хүргэх, ажил олгогчийн зүгээс хүний нөөцийн бодлого, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг танилцуулах,  төгсөгч оюутнуудад ажлын байраа олоход нь туслалцаа үзүүлэх, ажил олгогч төгсөгчдийн талаар нарийвчилсан мэдээлэл авах, төгсөгчдөөс сонгон шалгаруулалт хийх, ШУТИС болон байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой зохион байгуулав. 

Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Оюутны соёл, үйлчилгээний албаны дарга Н.Санчирбаатар үг хэллээ. Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын сургалт, судалгаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Долгорсүрэн төгсөгч оюутнуудад хандан “Цагийн ажил хайх иргэд, оюутан суралцагчдыг цагийн ажилд зуучлах болон гарааны бизнесийг дэмжих” хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.

Мөн Оюуны чадвар ТББ-ын үүсгэн байгуулагч, лектор Г.Мөрөн “Ирээдүйн карьер ба амжилт” сэдвээр лекц уншлаа.  Нийгмийн даатгалын ерөнхий газрын Үйл ажиллагааны хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Д.Нарантуяа “Нийгмийн даатгалын төрөл, сайн дурын даатгал түүний ач холбогдол” сэдвээр сургалт явуулж 120 оюутан хамрагдсан байна.

ШУТИС-ийн Дуулаачийн клубийн оюутнууд “ШУТИС Бидний бахархал” дуугаараа ая дууны мэнд дэвшүүллээ.

Уг өдөрлөгт Оюутны соёл, үйлчилгээний албатай хамтран ажилладаг байгууллага болох Нийслэлийн хөдөлмөрийн газар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Эко констракшн ХХК, Хаан банк, Магнай трейд ХХК, Жи мобайл ХХК, Монос групп, Голомт банк, Шунхлай ХХК, Худалдаа хөгжлийн банк, Мера ХХК, Номин холдинг, Нанс кашмер ХХК,  MCS Asia Pacific Brewery LLC, Петровис ХХК, Батбайгаль ХХК, Дорнод мэргэжлийн салбар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн, Сэнзо ХХК, Говь трэвэл ХХК, Таван богд групп, Мобиком Корпораци, Монгол амжилт ХХБ, Ачит ихт ХХК, Юнител корпораци, ПСДП ХХК, Скайтел ХХК,  Сод монгол ХХК, Монголын үнэт цаас хэвлэл ХХК, Таван богд фүүдс ХХК, Усны эрчим ХХК, Престиж ХХК, Монхидро констракшин ХХК, АПУ ХХК,  Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн ерөнхий газар, “ЖЕМ интернэшнл ХХК зэрэг 37 байгууллага оролцлоо.

Мөн 600 гаруй оюутан онлайнаар анкет бөглөсөн ба ажил олгогч байгууллагуудад танилцуулан, ажлын байрны захиалгын дагуу мэргэжлийн чиглэлээр төгсөгч  оюутнуудын мэдээллийг өгсөн болно. Тус өдөрлөгт 37 байгууллага оролцож,  1400 нээлттэй ажлын байрны саналтай ирж, нийт 267 гаруй оюутныг цагийн болон байнгын ажилд зуучилсан  болно.

Оюутны соёл, үйлчилгээний алба