“Монголын инновацийн долоо хоног-2018” арга хэмжээний хүрээнд “Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц-2018” чуулган боллоо

“Монголын инновацийн долоо хоног-2018” арга хэмжээний хүрээнд “Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц-2018” чуулган 5 дугаар сарын 8-ны ШУТИС-д боллоо.

Чуулганд БСШУС-ын сайдын зөвлөх Б.Ганбат, ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбат тэргүүтэй албаны хүмүүс, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэн судлаачид болон тус сургуулийн оюутан залуусын төлөөлөл оролцсон юм. Чуулганаар төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшлийн түншлэлүүд хамтарч хөгжүүлэх боломж, гарц, шийдлийн талаар илтгэл тавьж хэлэлцэн, зөвлөмж гаргалаа. Тодруулбал, БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа “Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого”, ШУТСангийн захирал Д.Энхжаргал “Инновацийн төслийн хэрэгжилт, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудлууд”, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан “Инноваци-арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал хэтийн төлөв” зэрэг сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Монгол Улсад инновацийн бодлого, эрх зүйн орчин ямар хэмжээнд байгааг товч дурдвал, Монгол Улсын Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр 2008-2015 онд хэрэгжиж дууссан бөгөөд 2012 онд Инновацийн тухай хууль батлагдсан байна. Энэ хуулийн хүрээнд дагалдах журмыг 2014 онд батлан гаргажээ. Тодруулбал, эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компаниуд байгуулагдах, улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх, инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээч ажиллуулах журмыг тус тус баталжээ. Харин энэ онд шинээр Үндэсний инновацийн шагнал олгох болон инновацийн үйл ажиллагаанд грант олгох журмыг батлаад байгаа аж. Энэхүү хууль, дүрэм, журмын хүрээнд эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд 2018 оны байдлаар нийт 32 гарааны компани үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийн дийлэнх буюу 50 гаруй хувийг хөдөө аж ахуйн чиглэлийн гарааны бизнесүүд эзэлж байгаа юм.

Гэхдээ инновацийн бодлого, хууль, эрх зүйн орчныг улам илүү төгөлдөржүүлэх шаардлага тулгарч байгааг салбарын яамнаас хөндөж байна. Тиймээс энэ онд УИХ-аар Инновацийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад буй. Харин Засгийн газрын хуралдаанаар Төрөөс инновацийн тухай баримтлах бодлогыг батлуулах, Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр, Инновацийн төсөл бүртгэх журам, Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журамд нэмэлт өөрчлөлт оруулах гэх мэт бодлогын баримт бичгүүдийг оруулахаар боловсруулжээ.

Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого нь эдийн засаг, аж үйлдвэрийн тэргүүлэх салбарт хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэх, инновацийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний бүтээмж, чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг бий болгох, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. Тиймээс дараах дөрвөн бодлогыг баримталж байна. Үүнд,

Судалгаа боловсруулалтын үр дүнд бий болсон шинэ мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацийн үйл ажиллагааг өргөжүүлэх
Аж үйлдвэрийн тэргүүлэх салбарын өрсөлдөх чадвар, бүтээмж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, нутагшуулах замаар аж ахуйн нэгжийн инновацийг хөгжүүлэх
Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн инновацийн шинэ шийдлийг нэвтрүүлэх, хөгжүүлэх
Орчин үеийн аж үйлдвэр, технологийн дэвшлийн тэргүүлэх чиглэлээр байгальд ээлтэй, эдийн засгийн өндөр үр ашигтай технологийг хөгжүүлэх чиглэлийг баримталж байна.