“Орос - Монголын Санаачлага 2018” арга хэмжээнд ШУТИС-ийн зохион бүтээгч, оюутан залуучууд оролцлоо

2018 оны зургадугаар сарын 6-9-ний хооронд Улаанбаатар хотод ОХУ болон Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор хоёр талын худалдаа, эдийн засаг, аж үйлдвэрийн болон хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилготой «Монгол-Оросын санаачилга-2018» (Российско Монгольская инициатива) цуврал арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яам болон Монгол улсын БСШУСЯамнаас “Хүүхэд залуучуудын шинжлэх ухаан, технологийн бүтээлийн олон улсын үзэсгэлэн”-г зохион байгуулсан бөгөөд тус үзэсгэлэнд ШУТИС-ийн МХТС-ийн оюутан Б.Түвшинтөгс,  Б.Нямхишиг  нарын “Автомат удирдлагатай машин ба дүрсийн боловсруулалт”, “Raspberry PI ашиглан IoT дээр суурилсан хяналтын робот машин”, Ц.Тэнгис багшийн удирдсан оюутнуудын “Робот могой”, “Робот гар”, “Нар дагах самбар”, “Зөөврийн сейф”,  ҮТС-ийн оюутан А.Сэндэрийн зохион бүтээсэн “Нарны халаагуур ба агаар сэлгэгч”, ЭХС-ийн оюутан Г.Өсөхбаяр нарын “Алсын болон гар удирдлагатай цахилгаан тэргэнцэр”, МеХТС-ийн багш Д.Бадрахын удирдсан оюутны багийн “Цахилгаан машин” зэрэг бүтээлүүдээрээ оролцлоо.  Мөн тус үзэсгэлэнгийн үеэр ШУТИС-ийн МХТС болон МеХТС-ийн “Робокон” тэмцээний багууд олон нийтэд Роботын үзүүлэх тоглолт сонирхууллаа.

Үзэсгэлэнд оролцсон нийт бүтээлүүдээс шилдэг бүтээлийг шилдэг бүтээл шалгаруулахад ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутан А.Сэндэрийн гэр хорооллын айл өрхийг өглөө, өдрийн цагаар халаах хаягдал /ундаа, пивоны лааз/-ыг ашиглан хийсэн “Нарны халаагуур” ба агааржуулагч, Механик тээврийн сургуулийн оюутны багийн “Цахилгаан машин” шалгарч 2019 онд ОХУ-д болох залуу зохион бүтээгчдийн үзэсгэлэнд оролцох урилга хүлээн авлаа.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР