"ЦУСНЫ ДОНОР ХАМТ ОЛОН"-оор шалгарлаа


6-р сар. 14, 2018, 7:56 a.m.

ДЭМБ-аас жил бүрийн 06 сарын 14-ны өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон 2004 оноос эхлэн тэмдэглэх болсон билээ. Бид бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг өдрийг Монгол Улс 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жилийн Цусны донорын Дэлхийн өдрийг ЭМЯ, ЦССҮТ, МУЗН-ээс хамтран “Бусдын төлөө цусаа өгч, амьдрал бэлэглэе” уриан дор Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Одоогийн байдлаар Улсын хэмжээнд 150-с дээш цусаа өгсөн Алтан донор-5, 100-150 удаа цусаа өгсөн Мөнгөн донор-20, 70-100 удаа цусаа өгсөн Хүрэл донор-63 төрөөд байна. Харин 2018 онд Улсын хэмжээнд 35-с дээш удаа цусаа бэлэглэсэн Хүндэт Донор-100 гаруй төрснөөс 62 нь Нийслэлээс тодорлоо. Тэдгээрээс хамгийн залуу Хүндэт Донороор О.Ганбаяр, хамгийн олон өгөлттэй Хүндэт Донороор З.Баяртсайхан нарыг алдаршууллаа.

2016 онд Монгол Улсын хэмжээнд нийт 32966 донор цусаа бэлэглэсэн бол 2017 онд 33407 болж өссөн юм. Цусны нөөцийн хувьд 2018 оны 05 дугаар сарын 01-ны байдлаар өмнөх оны мөн үеэс 36,1 хувиар нэмэгджээ. Энэ ганцхан жишээ цусаа бэлэглэх иргэдийн тоо жилээс жилд өсч байгааг харуулж байна. ЦССҮТ олон улсын жишигт нийцсэн цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, 15 шинэ технологийг нэвтрүүлэн нутагшуулж байгаа бөгөөд 22 нэр  төрлийн  цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн эмнэлэгүүдийг ханган ажиллаж байна.

Цусны донорын Дэлхийн өдрийн хүрээнд байгууллага хамт олноороо Донорын эгнээнд нэгдсэн 1-р байр  ШУТИС, 2-р байр  Зэвсэгт хүчний 013-р анги, 3-р байр Бурханы сүмийг “ДОНОР ХАМТ ОЛНООР” өргөмжилсөн бол цусны донорын үйлсийг сурталчилагч шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар МҮОНРТ, WWW.ZALUU.COM тус тус шалгарлаа.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ  нийгмийн ажлын хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилд 5 хичээлийн байрны 7 удаагийн Цусны донорын өдөрлөг, аянаар  562 оюутан, багш, ажилчдын 1600 гаруй хүний амь насыг аварсан тул “ЦУСНЫ ДОНОР ХАМТ ОЛОН”-оор шалгарч 1-р байр эзэлсэн байна.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

ШУТИС ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

ОЮУТНЫ СОЁЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА