ШУТИС-ийн Залуучуудын хөгжил II чуулган амжилттай зохион байгуулагдлаа

“ШУТИС-ийн Залуучуудын хөгжил” II чуулган 2018 оны 12-р сарын 8-ны өдөр ШУТТНС-ийн Е604 тоот танхимд болж, бүрэлдэхүүн сургуулиудаас зуу гаруй шилдэг залуу багш, ажилтан, ажилчдын төлөөлөл хуран чууллаа. Чуулганыг нээж ШУТИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг үг хэлэв.

БСШУСЯ-ны Дээд Боловсролын Газрын мэргэжилтэн доктор, профессор О.Янжмаа мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргээд БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаагийн тушаалаар Гадаад хэлний институтийн дэд захирал З.Энхбаатар доктор (Ph.D) “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, БАС-ийн ахлах багш О.Алтанзагас доктор (Ph.D), ХШУС-ийн ахлах багш Э.Бат-Эрдэнэ доктор (Ph.D) нар “Жуух бичиг”-ээр тус тус шагнагджээ. Мөн Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу алтан медаль”-иар Е-Нээлттэй Институтийн багш А. Түвшинбаяр, Гадаад хэлний Институтийн ТЭ-ийн туслах Э.Солонго нар шагнагдав.

 

ШУТИС-ийн Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, ШУТИС-ийн хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн захирал Б.Сүхбат, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар Н.Мандуул, Хүний эрхийн үндэсний комиссын референт З.Өнөржаргал нар урилгаар оролцож чуулганы төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв. Залуучуудын хөгжил ба хэтийн чиг хандлага сэдвийн хүрээнд ШУТИС-ийн МехТС-ийн багш Ж.Давааням, БУХС-ийн багш Ч.Энх-Амар нар “ШУТИС-ийн залуучууд-Хөгжлийн түүчээ” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Чуулганы хоёрдугаар хэсэгт ШУТИС-ийн Залуучуудын байгууллага байгуулах тухай хэлэлцэж,  бүрэлдэхүүн сургуулиудаас санал өгөх эрхтэй төлөөлөгчдийн 83,4 хувийн саналаар “ШУТИС-ийн Залуучуудын Холбоо” байгуулахыг зөвшөөрсөн байна.

Уг чуулганаас тогтоол, зөвлөмжийг гаргаж “ШУТИС-ийн Залуучуудын хөгжил 2018” II чуулган амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээлэл бичсэн: Зохион байгуулагчид