ШУТИС болон Шанхайн Донхуа Их Сургууль хооронд Хамтран Ажиллах Санамж бичиг солилцож баталгаажууллаа

2018 оны 12 сарын 8-наас 10-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотын Донхуа Их Сургууль дээр “Textile & Fashion Education World Conference-2018” сэдвийн хүрээнд олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж нийт 26 орны 500 гаруй зочид төлөөлөгчид оролцов. Тус чуулганы үйл ажиллагаанд ШУТИС-ын захирал, профессор Б. Очирбат, ҮТС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрхлэгч Д. Батбаяр, Дизайны салбарын багш Д. Нарантогтох нар амжилттай оролцлоо.

Зураг 1. Донхуа их сургуулийн гадаад харилцааны дэд захирал Вү Шаожүн (баруун гар талаас), гадаад харилцааны захирал Зао Минвэй, ерөнхийлөгчийн албаны дарга Зоу Ванван, ерөнхийлөгч Жан Чанжүн, Захирал Б. Очирбат, салбарын эрхлэгч Д. Батбаяр, багш Д. Нарантогтох болон ШУТИС-ийн төгсөгч, Донхуа их сургуулийн оюутан Э. Ганбаяр.

Захирал, Профессор Б. Очирбатын хэлэлцүүлсэн “Current situation and future trends of textile and fashion education in the MUST” сэдэвт үндсэн илтгэл нь Монголын нэхмэл болон хувцасны технологи, дизайны сургалтын өнөөгийн байдал, хэтийн чиг хандлага, нэхмэл оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын талаарх мэдээллийг хүргэж, хуралд оролцогч, төлөөлөгчдийн анхаарлыг ихээр татсан.

Зураг 2. Хурлын үйл ажиллагаа, зочин илтгэгч проф. Б. Очирбат

ШУТИС-ийн захирал Б. Очирбатын айлчлалын хүрээнд ШУТИС нь “Нэг бүс-Нэг зам” дэлхийн нэхмэлийн их дээд сургуулиудын холбоонд (Belt and Road world textile university alliance) гишүүнээр элсэв. Донхуа их сургуультай хамтран ажиллах санамж бичгийг үйлдэж, багш, судлаач, ахисан түвшний оюутан харилцан солилцох мөн Донхуа их сургуулиас зохион байгуулдаг олон улсын зуны сургалтанд ШУТИС-ийн оюутнуудыг хамруулах боломж нээгдлээ.

Зураг 3. ШУТИС ба Донхуа их сургуулиудын хооронд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулах мөч