ШУТИС-ийн “Mongolian Geoscientist” олон улсын онлайн сэтгүүлийн нээлт боллоо


2-р сар. 26, 2019, 9:42 a.m.

“Mongolian Geoscientist” /“Монголын геосудлаач”/ эрдэм шинжилгээний сэтгүүл Шинжлэх ухааны академийн  Mongolia Journals Online /MongoliaJOL/ платформ-д нэгдэн орсноо албан ёсоор зарлаж, 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ.

 

Энэхүү сэтгүүлийн анхны дугаар 1996 оны 10-р сард Японы ЖАЙКА төслийн хүрээнд судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэвлэгдэж байсан бөгөөд 2000 оноос Монгол дахь геологийн судалгааны байгууллагууд  хамтран гаргах болсон.

2008 оноос Монголын Геологийн холбооноос эрхлэн гаргадаг сэтгүүл болж сэтгүүлийн нийтлэлийн бодлого, цар хүрээ нь тэлж Монголын төдийгүй Төв Азийн геологийн асуудлуудыг нийтлэн хэлэлцдэг, салбарынхаа нөлөө бүхий сэтгүүл болон хөгжсөн.

2013 онд сэтгүүлийн редакцийн зөвлөлийг дахин шинэчилж ШУТИС-ийн Геологийн сургуулийн эрдэмтэн, багш, судлаачдыг түшиглэн редакцийн зөвлөлийг байгуулж, жилд 2 дугаар тогтмол хэвлэгдэж, геологийн салбар төдийгүй бусад салбарын судлаачдын танил сэтгүүл болж хөгжсөн түүхтэй.

2018 оноос ШУТИС-иас бодлогоор дэмжин тус сэтгүүлийг олон улсын мэргэжлийн түвшинд хянагддаг, онлайн сэтгүүл болгохыг зорин ажилласны үр дүнд бид Монголын геологийн салбарын анхны онлайн сэтгүүл нөгөө талаас ШУТИС-ийн судлаачдын эрхлэн гаргадаг онлайн сэтгүүлтэй болж байгаа юм.

Тус сэтгүүлийг олон улсын түвшинд хүргэх, чанартай бүтээл нийтлэхэд чухал дэмжлэг болох олон улсын нэр хүндтэй судлаачдыг редакцийн зөвлөлд урин ажиллуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор О.Гэрэл, олон улсын түвшний сэтгүүл болгоход туслалцаа үзүүлсэн MongoliaJOL платформын ерөнхий менежер Л.Гантулга нарт сэтгүүлийн зөвлөл, ШУТИС-ийн нийт эрдэмтдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

“Mongolian Geoscientist” сэтгүүлийн онлайн хувилбар:

 https://www.mongoliajol.info/index.php/MGS

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР