Авто зам, Гүүрийн “Виртуал загварчлал, симуляцийн лаборатори” байгуулагдав


4-р сар. 15, 2019, 7:54 a.m.

Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуульд Авто зам, Гүүрийн “Виртуал загварчлал, симуляцийн лаборатори”-н нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр боллоо.

 

Нээлтэнд ШУТИС- ийн удирдлагууд, Зам тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжлийн төв, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Монголын авто замчдын холбоо, Монголын авто замын инженерүүдийн нийгэмлэг, Индорсофт программын албан ёсны диллер TIB компани болон  Авто замчин залуучуудын холбооны төлөөлөл оролцлоо.

Энэхүү лаборатори нь 21  компьютер 30 оюутны багтаамжтай бөгөөд Барилга, Архитектурын Сургуулийн 60 жил, Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсний 90 жилийн ойг угтан  хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн нэг юм. Одоогоор лаборатори нь Авто зам, Гүүрийн тооцоо, загварчлал, симуляцийн Autodesk болон Indorsoft - н  программын албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байна. Цаашид геотехник хөрсний тооцоо, загварчлалын Plaxis, Geostudio, замын хөдөлгөөн зохион байгуулалтын загварчлал, симуляцийн Vissim, Strada, Гүүрийн тооцоо, загварчлалын Midas Civil, ANSYS FEM, SofisTik  зэрэг программуудыг албан ёсны эрхтэйгээр сургалтанд нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

    

Сургалтын чанар ба материаллаг орчныг сайжруулах, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн практик мэдлэгийг оюутнуудад олгох, судлаач оюутны судалгаа шинжилгээнд загварчлал симуляцийг хэрэглэх боломжийг хүрэлцээтэй болгох зорилгоор энэхүү лабораторийг шинээр байгуулж байна. Үүнээс гадна Авто зам, гүүрийн салбарын инженер техникийн ажилчдын мэргэжлийг дээшлүүлэх давтан сургалтыг уг лабораторийг түшиглэн зохион байгуулах болно.

Тухайн лабораторийг сургалтанд ашиглахаас гадна авто замын төлөвлөлт, үйлдвэрлэл, ашиглалтын үзүүлэлтийг сайжруулах, зам тээвэртэй холбоотой байгаль орчин экологийн үзүүлэлт тогтоож үнэлгээ гаргах, зам тээврийн ослын мониторинг явуулж осол бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах мөн хөдөлгөөний зохион байгуулалтыг оновчтой төлөвлөж түгжрэл бууруулах тэдгээртэй холбоотой судалгааны ажлыг гүйцэтгэх боломж нээгдэх юм.