link

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

 

Улаанбаатар хот

Дугаар 138

ТӨРИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11.1.6, Харилцаа холбооны тухай хуулийн 20.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээний аюулгүй байдлыг хангаж цахим халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг сайжруулах зорилгоор Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчид ажлын байранд төрийн албаны интернэт сүлжээгээр олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтууд (Facebook, Twitter, Youtube, Instgram, Steam гэх мэт)-ыг ашиглахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат нарт даалгасугай.

2. Төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн интернэт сүлжээг олон нийтийн сүлжээ, онлайн тоглоомын болон видео сан бүхий сайтуудад нэвтрэхгүй болгож албан бичиг, баримтыг олон нийтийн сүлжээгээр дамжуулах болон тусгай программ хангамж ашиглан олон нийтийн сүлжээнд хандахыг хориглох чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн дарга нарт үүрэг болгож, холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнуудад зөвлөсүгэй.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                        У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                                      Г.ЗАНДАНШАТАР

Affiliated schools