2026 оны 01 дугаар сарын 23-ны өдөр
ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймгийн технологийн дээд сургуулийн захирлын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна.
Нэг. Сонгон шалгаруулалтад оролцох иргэнд тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх
- Тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх
Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага
|
Боловсрол
|
Доктор (Ph.D) болон түүнээс дээш зэрэгтэй
|
|
Мэргэжил
|
- Бизнес ба удирдахуй /041/
- Мэдээлэл, харилцаа холбооны технологиуд /061/
- Инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл /071/
|
|
Мэргэшил
|
- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн байх.
|
|
Туршлага
|
- Дээд боловсролын сургалтын байгууллага болон шинжлэх ухааны байгууллагад 5-аас доошгүй жил, үүнээс 3-аас доошгүй жил эрдэм шинжилгээний хүрээлэн болон их, дээд сургуулийн захирал, дэд захирал, бүрэлдэхүүн, харьяа, салбар сургуулийн захирлын албан тушаалд ажилласан туршлагатай байх;
- Гадаадын их сургуульд зочин профессороор ажилласан, гадаадын их сургуультай хамтарсан төсөл хөтөлбөрийн багт үндсэн гишүүнээр ажилласан, удирдсан, олон улсын ТОП-100 сургуульд мэргэжил дээшлүүлсэн бол давуу тал болно.
|
Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
- Төрийн албан хаагчийн анкет татаж авах
- Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт, бүрдүүлсэн материалын баталгааны хуудас /Нэр дэвшигчийн материалын баталгааны хуудсыг “Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын хоёрдугаар хавсралтын дагуу авна/
- Иргэний үнэмлэхний хуулбар /Е-mongolia системээс лавлагаа авч болно/
- Эзэмшсэн боловсролын баримт бичгийн /боловсролын диплом, эрдмийн зэрэг, мэргэшлийн үнэмлэх/ хуулбар
- Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн эсэх
- Тухайн сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангасан тухай нотлох баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр/-ийн хуулбар, лавлагаа
- Гадаад хэлний зохих түвшины мэдлэгтэй байх /гэрчилгээний хуулбар эх хувийн хамт, эсхүл гадаад улсын их, дээд сургууль төгссөн боловсролын баримт бичгийн хуулбар болон бусад нотлох баримт/
- Тухайн сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл /тухайн сургуулийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, бодлого төлөвлөлт, боловсролын үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, олон улсын ижил төстэй байгууллагын туршлагыг хэрэгжүүлэх боломж, хүрэх үр дүн, үр ашигтай ажиллуулах зэрэг асуудлыг илэрхийлсэн байна/.
- Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
- “4 х 6”-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь
Тайлбар: Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө бүрэн хариуцна. Шаардлагатай тохиолдолд тухайн баримт бичгийн талаар холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй талаар нэр дэвшигч бичгээр мэдэгдэл гаргаж ирүүлнэ.
Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэд холбогдох баримт бичгийг битүүмжлэн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг багш хөгжлийн ордон, ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн байр 502 тоот өрөөнд 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 18:00 цаг хүртэл хугацаанд өөрийн биеэр ирж, хүлээлгэн өгнө.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
УТАС: 88646034-Т.Билгүүн /Ажлын цаг 9.00-18.00/