link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Хувцас судлалын төвийн үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Судалгаанаас хөгжилд: Дизайн, технологи, боловсрол ба үйлдвэрлэлийн уялдаа” сэдэвт арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Ойн арга хэмжээний хүрээнд хувцасны дизайн, үйлдвэрлэлийн технологийн сургалт, судалгаанд дижитал шийдэл нэвтрүүлэх DIF3 HUB лабораторийн нээлт боллоо.

ШУТИС-ийн хичээлийн IV байранд байгуулсан тус лабораторийг Европын Холбооны “MONT-AE” (ERASMUS-EDU-2025-CBHE-STRAND-1) төслийн санхүүжилтээр, нийт 138 сая төгрөгийн өртөг бүхий дөрвөн нэр төрлийн өндөр хүчин чадалтай компьютер, мэргэжлийн программ хангамжаар тоногложээ. Лабораторийн нээлтэд Европын Холбооны төслийн зохицуулагч Стаси Бамби, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Эрдэм шинжилгээ технологи хөгжүүлэлтийн албаны дарга Ц.Цоггэрэл тэнхимийн эрхлэгч М.Баяр, Хувцас судлалын төвийн захирал Ч.Алтанцэцэг нар оролцов.
DIF3 HUB (Digital Fashion, Fiber, Future) нь хувцасны дизайн, материал судлал, үйлдвэрлэлийн технологийг дижитал шийдэлтэй уялдуулан хөгжүүлэх сургалт, судалгаа, туршилт үйлдвэрлэлийн орчин юм. Тус лабораторид хувцасны загвар зохион бүтээлт, материалын технологийн чиглэлээр 3D хэрэгсэл ашигласан цахим сургалт, бүтээл хөгжүүлэлт, туршилт судалгаа хийхээр төлөвлөж байна. Мөн хувцасны дизайн, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан болон дижитал технологийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Энэхүү төсөл нь дижитал шилжилтийн хүрээнд олон улсын жишиг, стандартад нийцсэн сургалт, үйлдвэрлэлийн арга барилыг Монгол Улсад нутагшуулах, хувцасны дизайн, үйлдвэрлэлийн салбарын хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Төслийн хүрээнд ШУТИС болон Хэнтий аймаг дахь Политехник коллежид сургалт, судалгаа, туршилт үйлдвэрлэлийн зориулалттай хоёр DIF3 HUB төв байгуулахаар ажиллаж байна. Эхний төв ШУТИС-д нээгдсэн бол хоёр дахь төвийн нээлтийг 2026 оны 10 дугаар сарын 29-нд Хэнтий аймаг дахь Политехник коллежид хийхээр төлөвлөжээ.

Төслийн нэг чухал чиглэл нь багш нарын чадавхыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг үйлдвэрлэлийн хэрэгцээ, технологийн хөгжилтэй уялдуулан шинэчлэхэд оршиж байна. Энэ хүрээнд ШУТИС болон Хэнтий аймаг дахь Политехник коллежоос тус бүр дөрвөн багш, нийт найман багш Европын Холбооны их, дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлж байгаа бөгөөд эзэмшсэн мэдлэг, туршлагаа сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мөн төслийн хүрээнд ШУТИС-ийн “Хувцасны дизайн”, “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” хөтөлбөрүүдийн хичээлийн агуулга, сургалтын арга зүйг шинэчилж, 3D загварчлал, дижитал технологи, хиймэл оюун ухааны хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байна. Ингэснээр үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн, орчин үеийн технологи ашиглах ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ Монголын хувцасны дизайны онцлог, ялгарах шинжийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
Лабораторийн нээлтийн үеэр тэнхимийн эрхлэгч М.Баяр төслийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулж, Европын их, дээд сургуулиудын сургалт, үйлдвэрлэлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах, багш нарын чадавхыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх замаар их сургууль, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.
Ойн арга хэмжээ ШУТИС-ийн хичээлийн VIII байрны 12 дугаар давхрын хурлын танхимд үргэлжилж, хувцас судлал, дизайн, технологийн салбарын төлөөлөл, багш, судлаачид, төслийн оролцогчид, төгсөгчид, оюутнууд оролцов.

Энэ үеэр Хувцас судлалын төвийн захирал Ч.Алтанцэцэг “Хувцас судлалын төв: 25 жилийн туршлага, хөгжлийн хандлага”, тэнхимийн эрхлэгч М.Баяр “DIF3 HUB: Их сургууль–үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа”, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн багш Б.Гэрэлмаа, Т.Баярмаа нар “Тогтвортой хувцас загвар: Дизайн ба инженерчлэлийн боловсрол” сэдвээр илтгэл танилцуулж, салбарын хөгжил, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбооны талаар санал солилцлоо.

Мөн Хувцас судлалын төвийн захирал Ч.Алтанцэцэг, С.Батмөнх нарын “Clothing systems engineering for cold environments” монограф бүтээлийн нээлт болж, хувцас судлал, дизайн, технологийн чиглэлийн бүтээлүүдийн үзэсгэлэн дэлгэн, ШУТИС-ийн оюутнууд хувцас загварын үзүүлбэр толилууллаа.

Хувцас судлалын төвийн 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь тус төвийн судалгаа, сургалтын туршлага, ололт амжилтыг танилцуулахын зэрэгцээ дижитал технологид суурилсан сургалт, туршилт үйлдвэрлэлийн орчныг бүрдүүлэх, их сургууль, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал алхам боллоо.

The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION