link

Инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга зүйг сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэллээ
2015-10-21 19:38

БСШУЯ-ны дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд CDIO олон улсын байгууллагын Азийн бүсийн төв Сингапур улсын Политехникийн институттэй хамтран цуврал сургалтууд зохион байгуулахаар 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.Гэрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайл Л.Гантөмөр болон Сингапурын Политехник институтын дэд захирал ноён Лим Пенг нар гарын үсэг зурж баталгаажуулав.

 

Сургалтын үйл ажиллагаа энэ өдрөөс эхлэж гурван үе шаттай сургалт явагдах бөгөөд ШУТИС, МУИС, ХААИС-ийн 160 багш оролцож байна.

Инженерийн боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын арга зүйг сайжруулах төсөл 3 жилийн хугацаатай хэрэгжих ба CDIO системийг нэвтрүүлэхээр их сургуулийн багш нар хэд хэдэн үе шаттай сургалтанд хамрагдах юм. Сингапурын “Тэмасэк” сангаас 641745 сингапур доллар, МУ-ын БСШУЯ, Сингапурын Политехникийн институт 347050 сингапур долларыг хамтран санхүүжүүлж байна.

CDIO систем нь сургалтын төлөвлөгөөгөө илүү сайн төлөвлөх, заах арга туршлагаа сайжруулах, инженерийн мэдлэгийг бодитойгоор үнэлж дүгнэх шинэ арга боломжуудыг олгох бөгөөд оюутнуудын хувьд мэдлэг, ур чадвар, үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай инженерийн ажлын туршлагад суралцах боломжийг олгоно. CDIO системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд ШУТИС, МУИС, ХААИС-аас эхний сургалтанд нийт 160 хүн хамрагдаж, оролцогсдоос 65 хүнийг сонгон дараахь чиглэлүүдээр гүнзгийрүүлэн сургана.

Үүнд:

  • Сургалтын харилцан уялдаатай нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах
  • Туршилтад тулгуурласан идэвхитэй сургах арга зүйг боловсруулах
  • Инновацийн бүтээгдэхүүн болон системийг санаачлан сэтгэх болон тооцоолон төлөвлөх тухай шинэлэг бүтээгдэхүүн, тогтолцоог бий болгох, боловсруулах
  • Дадлага, туршлага олгох идэвхитэй сургалтын аргууд
  • Шинэчлэгдсэн сургалтын хөтөлбөрийн үр дүнд үнэлгээ хийх

Үүний дараа эдгээр мэргэжилтнүүдээс 20 хүнийг үндэсний сургагч мастер мэргэжилтнээр бэлтгэн гаргах юм.

 

Affiliated schools