link

“Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх нь” хэлэлцүүлэг явагдлаа
2022-04-29 23:49 Батбаяр

“Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх нь”  сэдэвт  хэлэлцүүлэг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр амжилттай явагдлаа.

Тус хэлэлцүүлэгт БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи инновацийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газар, Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл, Төрийн өмчийн их сургуулиудын ажлын хэсэг, их сургуулиудын удирдлага,  эрдэмтэн, профессор, багш судлаачдын төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлэгт “Мэдлэгийн институцийн засаглал, менежмент, санхүүжилт” илтгэлийг судлаач, доктор (Ph.D), профессор Р.Бат-Эрдэнэ,  “Хамтын үр нөлөөний зургаан их сургуулийн бүлэглэл” илтгэлийг ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга, доктор (Ph.D), дэд профессор Т.Ууганбаяр нар танилцуулж, судалгааны их сургуулийн онцлог, түүнийг тодорхойлох үзүүлэлтүүд, Монгол Улсад судалгааны их сургуулийг хөгжүүлэх бодлого, удирдлага, менежмент, санхүүжилт өнөөдөр ямар түвшинд байгаа, түүнийг бодлогын түвшинд хэрхэн зохицуулах  талаар оролцогчид санал солилцлоо.

Судалгааны их сургуулийг байгуулахад тулгамдаж буй асуудлуудыг илтгэгчид дараах байдлаар тодорхойлж танилцуулав. Үүнд: улс төрийн нөлөөллөөс үүдэн их сургуулийн засаглал тогтворгүй, эрдэм шинжилгээ, судалгааны төсөл захиалах, шалгаруулах, үр дүнг тооцох, хэрэглэх үйл явц нээлттэй бус, судалгааны тоног төхөөрөмжийн ашиглалт хангалтгүй буюу 20-30 хувь, төсөв, хөрөнгө, түүний зарцуулалт үр ашиггүй, судалгааны тэргүүлэх чиглэл тодорхой бус, судлаачдын хамтын ажиллагааг дэмжих тогтолцоо, үйлдвэрлэл - судалгааг холбох институц бүрдээгүй, авъяас чадвартай судлаач, суралцагчдыг татах, тэднийг дэмжих механизм төлөвшөөгүй,  ахисан түвшний судлаачдыг судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх нөхцөл бүрдээгүй, судалгааны ёс зүйн соёл төлөвшөөгүй,  улсын төсвөөс өгөх санхүүжилт зөвхөн оюутны зээл, тэтгэлэгийн зориулалттай байдаг зэрэг нь судалгааны их сургууль болж хөгжих боломжийг хязгаарлаж байгааг оролцогчид онцлов.

Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг төрийн бодлого, шийдвэр, эрхзүйн баримтад тусгахад  саналаа боловсруулж хүргүүлэх, хамтран ажиллахаар талууд санал нэгдэв.

Цаашид ШУТИС-ийн зүгээс БШУЯ,  Шинжлэх ухаан технологийн сан, Төрийн өмчийн их сургуулиудтай хамтран цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар боллоо.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР

 

 

 

Affiliated schools