link

ШУТИС дээр КОЙКА-ийн “ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” амжилттай хэрэгжиж байна
2022-07-08 17:04 ЗАА

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 6 сая ам. долларын өртөгтэй “МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх төсөл” 2019 оноос хэрэгжиж байна. Төслийн зорилго нь тус сургуулийн удирдлага, сургалт, шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, сургуулийн орчныг шинэчлэх замаар судалгаанд суурилсан их сургуулийн тогтолцоог хөгжүүлэх явдал юм.

Төслийн хүрээнд “ШУТИС-2030 хөгжлийн стратеги төлөвлөгөө” -ний зорилго, зорилтуудын хэрэгжилтийг хангахад чиглэсэн МХТС-ийн мастер төлөвлөгөөг боловсруулж, бакалаврын болон ахисан түвшний 20 хөтөлбөрийг шинээр/шинэчлэн боловсруулж, сургалт/судалгааны зориулалттай 10 лаборатори байгуулж, сургуулийн барилгад гадна/дотоод засварын ажил хийгдэж байна. Судалгааны орчны цөм нь үүлэн тооцоололд суурилсан “Өндөр бүтээмжтэй тооцооллын лаборатори” бөгөөд хиймэл оюун, их өгөгдлийн шинжилгээ, загварчлал ба симуляц, компьютер хараа ба малтимедиа зэрэг тооцооллын хүндрэл өндөртэй судалгааны төслийг оюутан, судлаачид хэрэгжүүлэх боломжтой болно.

Төслөөр бий болж байгаа сургалт, судалгааны орчныг зөвхөн ШУТИС-ийн хүрээнд ашиглах биш, дотоод, гадаадын ямар ч байгууллагын судлаачид хамтран ажиллах орчин болгох удирдлага, зохион байгуулалтын шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна.

Төслийг БНСУ-ын Сангмён Их Сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Энэ өдрүүдэд МХТС-ийн 15 профессор багш нар Аж үйлдвэрийн 4-р хувьсгалыг тодорхойлогч дэвшилтэд технологиудаар 6 долоо хоногийн сургалтад хамрагдаж, сургуулийн удирдлагын багийн 13 хүн Солонгос улсын болон Их сургуулиудын хөгжлийн туршлагыг судлах, судалгааны ямар төслүүд дээр хоёр их сургууль хамтран ажиллах асуудлаар семинарт оролцож байна. Удирдлагын багийн бүрэлдэхүүнд ШУТИС-ийн захирал, проф. Т.Намнан, БШУЯ-ын Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга, проф. Х.Тамир нар оролцож байгаа бөгөөд 7 дугаар сарын 4-ны өдөр ШУТИС болон Сангмён ИС-ийн хооронд “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа.

Төслийн зохицуулагч, ШУТИС-ийн зөвлөх проф. А.Эрдэнэбаатар

2022-07-06, БНСУ-ын Чеонан хот

Affiliated schools