link

Сайн дурын хятад хэлний клубийн “Хувь хүний төгөлдөршил” сэдэвт цуврал лекц 2
2022-10-18 15:57 ЗАА

ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2022-2023 оны хичээлийн жилийн намрын үйл ажиллагаагаа оюутан залуусыг хувь хүний хөгжлийн талаас дэмжиж, өөрийгөө таньж мэдэн, өөрийгөө хөгжүүлж, бие даан суралцаж төлөвшихөд нь туслах зорилгоор үндсэн илтгэгчээр Клубийн зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа, зочин илтгэгчээр ТТО-ийн хятад хэлний ангийн төгсөгч “Мон Тай Сино групп” orchuulga.mn-ийн хятад хэлний орчуулагч менежер Э.Отгонбаяр болон Геодезийн 2+2 хөтөлбөрийн төгсөгч “Тав Ди Ворд” ХХК-ны Геодезийн инженер Б.Оюунгэрэл нарыг урьж 2022.10.15-ны өдөр танхимаар зохион явууллаа.

              

Лекцийн эхэнд клубийн зөвлөх Ц.Эрдэнэзаяа багш маань шинээр элсэгчдэд клубийн зорилго, зохион явуулдаг үйл ажиллагаа, үр дүн туршлага хийгээд өөрийгөө хөгжүүлэх нь өөрийгөө таньж мэдэхээс эхэлдэг талаар ярилцахдаа хувь хүний онцлогт нөлөөлөх хүчин зүйл, хувь хүний хөгжлийг тодорхойлох арга замууд болон хувь хүн хөгжихийн тулд мөрөөдөлтэй байх-зорилго тавих-төлөвлөх-хийх талаар, мөн өөрт зарцуулсан бүхэн өөрт үлддэг болохоор өөрийгөө хөгжүүлэх гэдэг үнэхээр сайхан зүйл болох талаар, хүний хүсэл хязгааргүй болохоор хүний хөгжил ч хязгааргүй боломж байдаг талаар санал бодлоо хуваалцлаа. 

Зочин илтгэгч Э. Отгонбаяр нь “Бакалавр цаг хөгжил” сэдвээр: таны чин хүсэл тань юу вэ?, хүний амьдралын тойрог ахиц болон аз жаргал дээр тогтдог бөгөөд бид харах өнцгөө л өөрчилж чадвал хийж чадахгүй зүйл гэж байхгүй, мундаг хүн гэж байдаггүй !! мундаг болсон хүн л гэж байдаг хэмээн өөрт тохиолдсон болон хувь хүний туршлагаасаа хуваалцсан бол зочин илтгэгч Б. Оюунгэрэл нь гадаадад сурах үедээ тулгарч байсан бэрхшээл, түүнийгээ хэрхэн даван туулж, амжилттай суралцах хийгээд цагаа зөв төлөвлөж үр бүтээлтэй байх талаар ярилцахдаа:

Гадагшаа сурахаар явахаас өмнө юу бэлдэх хэрэгтэй вэ? Чиний яг хүссэн мэргэжил мөн үү?, Суралцаж амьдрах хотынхоо түүх соёлыг нь судлах, хэлний мэдлэгийг сайжруулах, сэтгэл зүй болон биеэ бэлдэх. Гадаадад сурахын тулд хувь хүнээс ямар ур чадварыг шаардах вэ? Тууштай байдал, бие даан суралцах чадвар, санхүүгийн мэдлэг, цаг төлөвлөлт, өөртөө шаардлага тавьдаг байхаас гадна зөв хүрээлэлтэй болох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх болон үүрэг хариуцлага үүрдэг байх талаар илэн далангүй нээлттэй ярилцсан оюутан залуус бидэнд хэрэгтэй маш олон мэдээллийг хүргэсэн үр өгөөжтэй лекц болж өндөрлөлөө. Бидэнд өөрсдийн мэдлэг туршлагаа харамгүй хуваалцсан үндсэн илтгэгч болох клубийн зөвлөх багшдаа, зочин илтгэгч ах эгч нартаа, хүрэлцэн ирсэн оюутнууддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Энэхүү лекцэд Гадаад хэлний сургуулийн Техник технологийн орчуулгын хятад хэлний ангиинхан болон Геологи уул уурхайн сургууль, Эрчим хүчний сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн 2+2 хөтөлбөрийн ангийн 1-4-р курсийн нийт 70 орчим оюутан залуус оролцлоо.

Хятад хэлний клубийн үйл ажиллагаанд үргэлж идэвхтэй оролцдог, дэмжин ажилладаг  профессор багш, оюутан залуус, төгсөгчид, клубийн үе үеийн ахлагч, гишүүддээ баярлалаа.

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ НЬ ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ МЭДЭХЭЭС ЭХЭЛНЭ.

好好学习       天天向上

“ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ” 2022-10-15

Affiliated schools