link

2023 оны хамтын гэрээ батлагдав
2023-02-15 16:23 ЗАА

ШУТИС-ийн ҮЭХ-оос 2023 оны хамтын гэрээний хэлэлцээр хийх санал тавьсны дагуу захирлын тушаал гарч, ажил олгогчийн төлөөлөл болон ҮЭХ талаас адил тооны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 01 сарын 27-ны өдөр анхны хэлэлцээрийг эхлүүлсэн бөгөөд 4 удаагийн хэлэлцээр, хэд хэдэн удаагийн  уулзалтаар талууд зөвшилцөлд хүрч хамтын гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ удаагийн хамтын хэлэлцээрийн явцад талууд 2 талаас гишүүдийг томилж, их сургуулийн санхүүгийн бодит нөхцөл байдалтай бүрэн танилцан, шаардлагатай мэдээлэл, холбогдох тооцооллыг ажил хариуцсан мэргэжилтнүүдийн тусламжтай гаргуулан, асуудлыг нягтлан шинжлэх зарчмыг гол болгон профессор, багш, ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломж бололцоог хамтран тодорхойлсны үндсэн дээр дараах голлох заалтууд дээр зөвшилцөлд хүрлээ. Үүнд:

 ◦ ШУТИС-ийн профессор, багш, ажилчдын цалинг 25%-иар үе шаттайгаар нэмэгдүүлэх (2023.01.01-ний өдрөөс эхлэн 10%, 2023.09.16-ны өдрөөс 15% нэмэгдүүлэх)

 ◦  Хамтын гэрээний заалтууд дахь профессор, багш, ажилчдад олгох зарим тэтгэмж, илүү цагаар ажилласан хөлс, хортой нөхцөлд ажиллагсдад олгох сүүний үнэ зэргийг нэмэгдүүлэх, үр дүнгийн урамшууллыг 2023.10.01 хүртэл шууд олгох

 ◦  Хөдөлмөрийн харилцаа, дээд боловсролын хууль хэлэлцүүлэх хүрээнд захиргаа, ҮЭХ хамтран профессор, багш, ажилчдын оролцоог хангах замаар санал өгөх зэрэг чухал заалтуудыг оруулав.

Хамтын хэлэлцээрийн үед харилцан үл ойлголцох, маргалдах, мэтгэлцэх, завсарлага авах зэрэг зөвшилцлийн үед гардаг хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байсан бөгөөд энэ үйл явц нь ямар нэг хувь хүн, бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө бус, нийт хамт олон, их сургуулийнхаа цаашдын хөгжлийн төлөө байсныг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Цаашдаа хамтын гэрээг хийхдээ үйлчлэх хүрээг тогтоож байхаар хоёр тал тохиролцсон болно.  

Энэ удаагийн хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд их сургуулийн санхүүгийн нөөц бололцоог зөв хуваарилж, зарим зардлыг хэмнэх, үр ашигтай зарцуулах, хүний нөөцийн бодлого, дүрэм журмын өөрчлөлт хийх зэрэг олон бүтээлч ажлыг нийт хамт олны дэмжлэгээр хийж, БИД БҮГД төрөлх их сургуулийн нийгэмд эзлэх байр суурь, манлайллыг шинэ шатанд гарган хөгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

ШУТИС-ийн 2023 оны хамтын гэрээ

ШУТИС-ийн Захиргаа

Үйлдвэрчний эвлэлийн хороо

Affiliated schools