link

Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ
2023-03-28 16:42 ЗАА

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /ХҮҮ/-ний тухай хууль батлагдан, 2019 оны 5 сараас хэрэгжиж байгаатай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам КОЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн ХҮҮ-ний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үйл ажиллагааг 2022 оны 12 сард эхлүүлж албан ёсны нээлтийн ёслолын ажиллагаа 2023 оны 3 сарын 23-ны өдөр БШУЯ-д боллоо.  

Төслийн гол зорилго нь сургуулийн ХҮҮ-ний  материаллаг бааз, хүний нөөц, тогтолцоо хангалтгүйгээс хуулийн хэрэгжилт хязгаарлагдаж, хүүхэд залуусын хооллох дадал хэвшил, шим тэжээлийн тэнцвэргүй байдал хэвээр үргэлжлэх магадлалтай байгааг авч үзэн эдгээр асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэж байна.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар БНСУ-ын WITH төрийн бус байгууллага ажиллах ба БНСУ-ын Ин Ха Их сургууль болон ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль бусад холбогдох байгууллагуудтай хамтран сургуулийн хоол үйлдвэрлэлийг хөгжүүлэх тогтолцоо, дэд бүтэц, хүний нөөц гэсэн гурван үндсэн чиглэлээр ажиллах юм.

Суурь тогтолцоог бий болгохын тулд сургуулийн ХҮҮ-г явуулахад шаардлагатай удирдамж, заавар, журам зэргийг боловсруулан, хэрэгжүүлэх ба мастер багш нарыг бэлтгэнэ. Эдгээр баримт бичгүүд нь сургуулийн ХҮҮ-ний үйл ажиллагааг жигдрүүлэхээс гадна хүүхдэд хоол, шим тэжээлийн боловсролыг нас насанд нь тохируулан заах сургалтын тогтолцоог бий болгох юм.   
Дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд Монгол улсад хамгийн олон давтагдсан барилгын загвартай 10 сургуулийг сонгон авч тухайн сургуулийн хүчин чадалд тохирсон, стандартад нийцсэн тоног төхөөмжөөр хангаж сургуулийн ХҮҮ-г явуулах загварыг бий болгох юм.  Загвар сургуулиудаар Нийслэлийн БЗД-ийн 48, 79, СБД-ийн 4, БГД-ийн 40, ЧД-ийн 50, СХД-ийн 123, 9 болон Налайх дүүргийн “Эрдмийн оргил”, Багануур дүүргийн “Боловсрол” зэрэг сургуулиуд сонгогдон төсөл хэрэгжих бэлтгэл ажилд ороод байна.

Сургуулийн ХҮҮ-г хариуцан ажиллах мэргэжилтэн бэлтгэх чадавхжуулах төв ШУТИС-ийн дэргэд байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Тус төв нь ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль болон Шим тэжээл судлалын төвийг түшиглэн ХҮҮ, шим судлалын мэргэшсэн багш, хоол зүйч нартай хамтын ажиллагаатай байгуулагдах юм. Улсын хэмжээнд сургуулийн хоол зүйчдийг бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр гарган зохион байгуулах үндсэн үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ сургуулийн ХҮҮ-нд ажиллаж байгаа тогооч, ажилчдын хоол үйлдвэрлэл, хоол, шим тэжээлийн талаарх ойлголт өгөх, шаталсан сургалт явуулах, мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулан, сургалт зохион байгуулж ажиллана. Чадавхжуулах төвд орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжөөр хангагдсан ухаалаг гал тогоо, цахим сургалтын контент бэлтгэх студи, бичил лаборатори, анги, танхим байгуулагдах ба бүх шатны хэрэглэгчдэд зориулсан сургалтын материал, ном зэрэг боловсруулагдан гарахаар төлөвлөгдсөн байна.

Уг төслийн ажиллагаа 2026 оны 12 сар хүртэл үргэлжлэх ба төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 8 сая ам доллар болж байгаа юм.

Affiliated schools