link

ШУТИС-ийн хамтарсан 1+1+2 хөтөлбөрийн оюутнууд амжилттай суралцаад ирлээ
2023-09-26 13:31 ЗАА

 ШУТИС-ийн ГХС-иас санаачлан хэрэгжүүлсэн Шандуны ШУТИС-тай хамтарсан 1+1+2 хамтарсан хөтөлбөр 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжсэн. Тус хөтөлбөрт ГХС-ийн Техник технологийн орчуулга-хятад хэл мэргэжлийн 9 оюутан хамрагдсан. Оюутнууд эхний улиралд ковидын нөхцөл байдлын улмаас цахимаар хичээл орсон бөгөөд дараа улирлын 2023 оны 2-7 сар хүртэл Шандуны ШУТИС-д амжилттай суралцаад ирлээ. Тус оюутнуудыг ГХС-ийн багш Л.Чойжилмаа удирдан хятад улсад хүргэж, Шандуны ШУТИС-ийн удирдлагатай уулзан 1+1+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

 

Оюутнууд хичээлээс гадна танилцах дадлагаа мөн хийж гүйцэтгэсэн. Тус сургуулиас зохион байгуулсан соёл, урлаг, спортын арга хэмжээнд оюутнууд идэвхтэй оролцон 1, 2-р байр эзэлсэн амжилт үзүүлсэн. Үүнд: оюутан М.Түвшингэрэл “Миний Шандун дахь дурсамж” зохион бичлэгийн тэмцээнд тэргүүн байр, “Хятад хэлний өдөр” арга хэмжээний хүрээнд зохиогдсон буухиа тэмцээнд Г.Лхагвамаа, Ц.Гүндэгмаа нар тэргүүн байр, М.Түвшингэрэл дэд байр, Ц.Цэндсүрэн, Б.Сүнжидмаа, Ц.Амгалангоо нар тусгай байр тус тус эзэлсэн. Мөн Гадаад хэлний соёлын өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Ц.Гүндэгмаа, Б.Сүнжидмаа, Ц.Амгалангоо, Х.Хишиг-Эрдэнэ, Ц.Жавхлан, Г.Лхагвамаа, М.Түвшингэрэл нар монгол бүжгээ бүжиглэж сонирхуулсан.  

Танилцах дадлагын хүрээнд Циндао далай, “5.4 талбай” /5 сарын 4-ний хөдөлгөөний нэрэмжит төв талбай/, Олимпын музей, 13 дахь удаагийн Ард түмний урлагийн их наадам, Шанхайн хамтын ажиллагааны үзэсгэлэн зэргийг үзэж, оюутан бүр багшдаа тайлангаа танилцуулж дүгнүүлсэн. Оюутан Д.Мөнхчулуун Хятад хэлний түвшин тогтоох шалгалт HSK 4 дэсэд амжилттай шалгуулан тэнцээд гэрчилгээгээ авсан байна.  

 

Оюутнууд 2023.09.22 өдөр Шандуны ШУТИС-д суралцсан тайлангаа ГХС-ийн багш, оюутнууддаа тавьсан. 1 жилийн хугацаанд юу сурч эзэмшсэн, ямар үйл ажиллагаанд оролцсон, ямар амжилт үзүүлсэн зэргээ танилцуулга бэлдэн хятад хэлээр тавьж хэлэлцүүлсэн байна. Үүнээс гадна Шандуны ШУТИС-аас ГХС-ийн Ази судлалын салбарт хандивласан 45 ширхэг 1875.000 төгрөгийн хятад ном, сурах бичгийг удирдлагадаа хүлээлгэн өгөв. 

Оюутнууддаа эрдэм номын ариун үйлсэд нь улам их амжилт хүсье. 

ГХС-ийн АСС 

Affiliated schools