link

АНУ-ын Засгийн газраас санхүүжиж буй грант төслийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо
2023-09-29 16:51 ЗАА

Төслийн нэр:

Modified Transition Metal Dichalcogenides: Manipulation of Magnetism

Санхүүжилт:

АНУ-ын Батлан хамгаалах яамны Тэнгисийн цэргийн судалгааны төв

Хэрэгжүүлэгч:

ШУТИС-ийн ХШУС

Төслийн багийн гишүүд

ШУТИС-ийн ХШУС, ШУТИС-ийн МХТС, АНУ-ын Чатамын их сургууль, Тэнгисийн судалгааны лаборатори, БНСУ-ын Инчеон Үндэсний Их Сургууль,  Улсаны Их Сургууль, Чеонбук Үндэсний Их Сургуулийн эрдэмтэн судлаачид

Төсөл хэрэгжих хугацаа:

2023.04.17-2026.04.16

Санхүүжилтийн дүн:

1 тэрбум төгрөг

Төслийн зорилго: 

Монголын залуу эрдэмтэд, судлаачдыг бэлтгэх, гадаадад байгаа монгол судлаачдыг энэ ажилд татан оролцуулж хамтын ажиллагааг хөгжүүлэх, монголд шинэ төрлийн орчин үеийн дэвшилтэт материал гаргаж авах, шинж чанарыг судлахад чиглэнэ.

Уг төслийн нээлтийн үйл ажиллагаа 09-р сарын 27-ны өдөр 10.00-12.00 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот танхимд цахим ба танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Төслийн нээлтийн үйл ажиллагаанд АНУ-ын Засгийн газрын Тэнгисийн судалгааны глобал газрын шинжлэх ухаан хариуцсан захирал, доктор Цагаан Баатар, АНУ-ын Батлан хамгаалахын атташе,  Дэд хурандаа Брайн М. Хаарт, Боловсрол Шинжлэх Ухааны  Яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга  Х.Тамир, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Цолмонбаатар, ШУТИС-ийн ХШУС-ийн захирал В.Өлзийбаяр  нар урилгаар оролцсон бөгөөд ШУТИС, МУИС, ШУА-ийн эрдэм судлаачид, оюутнууд өргөнөөр хамрагдав. 

Уг үйл ажиллагааг нээж төслийн удирдагч Г.Мөнхсайхан (ШУТИС, ХШУС-ийн профессор), төслийн менежер, профессор Д.Жамъянаа (Чатамын Их Сургууль, АНУ) нар үг хэлж төслийн талаар товч танилцуулсан бөгөөд төслийн шинжлэх ухааны зөвлөх, доктор Ж.Баттогтох (Тэнгисийн судалгааны лаборатори, АНУ) “Туршилтын судалгаа, үр дүн”, профессор Д.Одхүү (Инчоны Үндэсний Их Сургууль, БНСУ) “Онолын судалгаа, үр дүн” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Мөн төслийн багийн залуу судлаачдын төлөөллүүд энэхүү  төслийн ач холбогдол, үр дүнгийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

 

 

Төслийн багт ахисан түвшний 4, докторын дараах судлаач 1 оюутныг татан оролцуулснаар залуу судлаачдын мэргэжлийн мэдлэг, чадавхыг хөгжүүлэх, чадварлаг судлаачдыг бэлтгэх  таатай нөхцөл  бүрдэж байна. Мөн түүнчлэн Монгол судлаачид гадаадын их сургууль, судалгааны төвийн судлаачидтай хамтран олон улсын түвшний судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх томоохон боломж бүрдэж, төсөл хэрэгжсэнээр ШУТИС-ийн багш, оюутны эх орондоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх үнэлэмж дээшлэх ач холбогдолтой юм. Энэхүү арга хэмжээний үеэр ОУ-ын эрдэмтэн судлаачид өнөөгийн соронзон шинж чанартай материалын шинж чанар, хэрэглээ, цаашид хэрхэн энэ төрлийн материалыг хөгжүүлэх боломж, гарах асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн төдийгүй төсөл хэрэгжүүлэх явцад учирч буй хүндрэлүүд, түүнийг шийдэх боломжийн талаар санал солилцсон нь онцлог, чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

 

 
ШУТИС-ийн профессор багш нарт ОУ-ын грант төсөл хэрэгжүүлэх боломж олгосон АНУ-ын Батлан хамгаалах яамны Тэнгисийн цэргийн судалгааны төв, төслийн үйл ажиллагаа дэмжин ажиллаж буй ШУТИС-ийн захиргаа, Монгол дахь АНУ-ын элчин сайдын яаманд гүн талархал илэрхийлье.

Төслийн баг хамт олон

Улаанбаатар, 2023.09.27

Affiliated schools