link

“Эрдэнэс ҮТП” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024-05-02 15:14 ЗАА

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” ХХК болон “Эрдэнэс ҮТП” ХХК хамтран “Үйлдвэрлэл, технологийн паркийн алсын хараа” сэдэвт форумыг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа.

Тус форумын үеэр “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнх-Идэр, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал Т.Намнан нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, хөгжүүлэхэд шаардлагатай инженер, техникийн ажилчдыг бэлтгэх, хүнд үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах юм. Монгол Улсын Их хурал, Засгийн газрын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу “Эрдэнэс Монгол” ХХК нь стратегийн ордууд болон томоохон үйлдвэрлэгч компаниудаа түшиглэн боловсруулах үйлдвэрүүд бүхий цогцолборуудыг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр байгуулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, аж үйлдвэрийг хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлүүлээд байна.

Энэ хүрээнд үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах, тэдгээрийн менежментийг хариуцан ажиллах, аж үйлдвэрийн гинжин хэлхээг байгуулах, хөрөнгө оруулагчдыг дэмжих, боломж олгох менежмент хийх үүрэг бүхий “Эрдэнэс ҮТП” ХХК-ийг байгуулсан.

Стратегийн ордуудыг урт хугацаанд тогтвортой, иж бүрэн ашиглах, уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд олон улсын сайн туршлага, дэвшилтэт технологи, инновац, дижитал шилжилтийг нэвтрүүлэх, техник, технологийн сонголт, ашиглалтыг сайжруулах, дараагийн шатны боловсруулах үйлдвэрийг байгуулахад инженерүүдийн шийдлийг тусгах зорилготой.

Хүнд үйлдвэрийн салбарын төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн парк, мэргэжлийн сургуулийн судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны хоорондын хамтын ажиллагааг сайжруулах замаар Монгол Улсад төрийн өмчит үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, түүний судалгаа, хөгжлийн төвийг хөгжүүлэхээр хамтарч ажиллаж байна.

Affiliated schools