link

НЗДТГ, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, болон "Духуа инженеринг" ХК-ны хооронд хүний нөөц бэлтгэх, судалгааны ажлыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024-09-13 12:14 Батбаяр

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, болон Бүгд найрамдах Солонгос улсын "Духуа инженеринг" ХК-ны хооронд Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”-г барих төслийг амжилттай хэрэгжүүлэх, төслийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, Нийслэл Улаанбаатар хотод нийтийн зорчигч тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх төсөл, арга хэмжээний хүрээнд шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэдлэг солилцох зорилгоор хамтран ажиллахаар тохиролцож Нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, ШУТИС-ийн ректор доктор (Ph.D), профессор Т.Намнан, "Духуа инженеринг" ХК-ны  Тээврийн хэлтсийн дарга Жонг Сү Донг нар 2024 оны 09 сарын 12-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичиг байгуулснаар Нийслэл Улаанбаатар хотод "Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл "Метро"-г барих төслийн шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Монгол Улс, БНСУ хооронд хамтарсан боловсролын тогтолцоог бий болгох, сургалтын системийг нэвтрүүлнэ. Тодруулбал, хамтарсан зэрэг олгох болон хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, "Духуа инженеринг" ХК-д дадлага хийх зэрэг чухал ач холбогдолтой юм.

ШУТИС-ийн ректор Т.Намнан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлоод талууд үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор доктор (Ph.D), профессор Д.Цолмонбаатар, Механик тээврийн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Пүрэвдорж болон албаны бусад хүмүүс оролцов.

 

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль

Affiliated schools