link
Монгол улсын Боловсролын яам, Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайдын яамны манлайлал, дэмжлэгтэйгээр АНУ-ын шилдэг их сургуулиудын нэг болох Жорж Мэйсоны их сургууль, Баруун Виржиниа мужийн Чарлестоны их сургуулиудтай харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх хэлэлцээрийг жилийн өмнөөс эхлүүлж энэ сард бид тавьсан зорилтуудаа амжилттай биелүүллээ. ШУТИС-ийн ректор Т. Намнан тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 10-р сарын 28-ны өдрөөс 11-р сарын 02-ны өдрүүдэд Жорж Мэйсонын Их Сургууль, Чарлестоны их сургуулийн урилгаар АНУ-д томилолтоор ажиллаа.
2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн ректор Т.Намнан тэргүүтэй төлөөлөгчид Жорж Мэйсоны Их сургууль дээр уулзалт хийв. Энэ үеэр тус их сургуулийн Бодлого, засгийн газрын “ШААР” сургуулийн орлогч декан Д.Жилл, П.Силва нартай уулзалт хийж, хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний агуулгыг эцэслэн тохиролцох хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн дүнд Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургууль, Жорж Мэйсоны их сургуулиуд Нийтийн удирдлага болон Олон улсын худалдаа, бодлогын чиглэлээр “3+1+1” бакалавр, магистрын зэрэг олгох хамтарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирлоо. Энэхүү хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу дотоодын оюутны зардлаар элсүүлэн сургах юм. Энэ түншлэлийн хүрээнд ШУТИС-ийн оюутнууд эх орондоо үнэ цэнтэй төдийгүй дэлхийн хөдөлмөрийн зах зээлд өндөр үнэлэгдэх боловсролыг харьцангуй хямд зардлаар эзэмших боломжтой болж буй нь уг хамтарсан хөтөлбөрүүдийн хамгийн гол давуу тал болох юм. Түүнчлэн Жорж Мэйсоны их сургуулийн шилдэг профессоруудын хичээлүүдийг ШУТИС-ийн оюутнууд цахимаар сонгон суралцах боломжийг олгох тал дээр хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ.
Энэхүү томилолтын хоёр дахь өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр АНУ-д мэдээллийн аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийн чансаагаар эхний 4-т жагсдаг Баруун Виржиниа мужийн Чарлестоны их сургууль дээр ажиллан, ШУТИС-ийн ректор Т.Намнан, Чарлестоны их сургуулийн Ерөнхийлөгч Мартин Рот нар хамтарсан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний дагуу Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутнууд Чарлестоны их сургуульд 20-50 хувийн сургалтын тэтгэлэгтэйгээр бизнесийн удирдлага, дата анализ, мэдээллийн аюулгүй байдал, нийгмийн ажил болон бусад чиглэлээр бакалавр, магистрын зэрэг олгох 3+2 болон хос магистрын зэрэг олгох 1+1 хамтарсан сургалтын хөтөлбөрт хамрагдах боломж бүрдлээ. Мөн энэ хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн оюутнууд тус сургуулийн шилдэг профессорүүдын хичээлүүдийг цахимаар сонгон, үзэх бололцоотой боллоо. Уг цахимаар сонгон суралцсан хичээлүүдийн суралцахуйн үр дүнг кредитээр тооцон хоёр сургууль тус бүртээ дүйцүүлэн тооцох тохиролцоонд хүрлээ. Энэ үйл явдал нь ШУТИС-аас дэлхийн боловсролыг эзэмших боломжийг оюутнууддаа олгосон бидний хувьд үр дүнтэй тохиролцоо боллоо.
АНУ дахь томилолтын 3 дахь өдөр 2024 оны аравдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Ө.Батбаяр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректор Т. Намнан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Элчин сайдын зүгээс монгол оюутан залуус АНУ-д зардал багатайгаар өндөр чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилгоор ШУТИС-ийг АНУ-ын шилдэг их сургуулиудтай холбож, хамтарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг онцлон дурдлаа. Цаашид ахисан түвшний сургалтын чиглэлээр АНУ-ын их сургуулиудтай хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэсэн зөвлөмжийг элчин сайдын зүгээс ШУТИС-ийн төлөөлөгчидөд өглөө. ШУТИС-ийн төлөөлөгчдийн зүгээс АНУ-ын шилдэг их сургуулиудтай холбож хамтран ажиллах боломж олгож өгсөн элчин сайд Ө. Батбаяр болон боловсролын хамтын ажиллагааны консул Г. Анхбаяр нарт талархалаа илэрхийллээ.
2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Оюу Толгой компани болон Хүний нөөцийн цогц хөгжлийн хөтөлбөрийг дэмжин ажилладаг "Гэгээн" ТББ-ийн дэмжлэгтэйгээр уул уурхайн чиглэлээр дэлхийд чансаагаараа нэгд эрэмбэлэгдсэн их сургууль болох АНУ-ын Денвер хотын Колорадогийн Уул уурхайн сургууль дээр хоёр сургуулийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх уулзалт хийлээ. Энэ өдөр ШУТИС-ийн ректор Т. Намнан, Колорадогийн Уул уурхайн сургуулийн дэд ерөнхийлөгч профессор Жон Бредфорд нар сургалт, судалгаа, солилцооны хамтын ажиллагаа хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Энэхүү гэрээ байгуулагдсанаар уул уурхайн геотехник, уул уурхайн нийгмийн бодлого, эрдэс баялгийн бодлого, эрх зүй, уул уурхайн менежментийн чиглэлээр хамтарсан зэргийн хөтөлбөр хэрэгжүүлэх, уул уурхайн чулуулаг, туннелийн лабораторийн менежментийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо. Энэ гэрээний хүрээнд геотехникийн инженер болон бусад уул уурхайн мэргэжлийн чиглэлээр кредит харилцан хүлээн зөвшөөрөх хамтарсан сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Түүнчлэн ойрын хугацаанд тэтгэлэгтэй оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэхээр тохиров. Мөн тус уулзалтад Рио Тинто компанийн Зэсийн техникийн сургалтын удирдагч Ч. Наранцогт оролцлоо. Тэрээр хоёр сургуулийн инженерийн боловсрол, нэн ялангуяа геотехникийн инженерийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд аж үйлдвэрийн оролцоог нэмэгдүүлэх ямар хэрэгцээ байгаа тухай мэдээлэл өгч цаашид их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ямар боломж байгаа талаар ярилцаж санал солилцов. Үр дүнд нь Оюу Толгойн дэмжлэг, оролцоотойгоор оюутан солилцооны хөтөлбөрүүдийг эхлүүлэх боломж байгааг эсэхийг судалж үзэхээр тохирлоо.
Гадаад харилцаа, нийгмийн түншлэлийн алба
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)