link

ОХУ-ын Эрхүү хотноо зохиогдох Сагсан бөмбөгийн оюутны олон улсын тэмцээнд “ШУТИС-ШАРКС” оролцож тэргүүн байр эзэллээ
2024-11-14 16:13 ЗАА

http://resource4.sodonsolution.org/unuudur/image/2024/11/12/qr01vjx0nbyqrr7i/466417665_1009236114565216_8716826542535772345_n.jpg

ОХУ-ын Эрхүү хотноо 2024 оны 11 дүгээр сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд  зохиогдсон Олон улсын оюутны эрэгтэй сагсан бөмбөгчдийн 5х5 тэмцээнд Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Эрхүү хотын үндэсний судалгаа, техникийн их сургуулийн урилгаар ШУТИС-ийн ахлах багш, спортын мастер М.Амаржаргалан дасгалжуулагчтай “ШУТИС-Шаркс” баг тамирчид амжилттай оролцон тэргүүн байр эзэллээ.

Энэхүү олон улсын оюутны сагсан бөмбөгийн тэмцээний урьдчилсан, хагас болон шигшээ тоглолтууд Эрхүү хотын үндэсний шинжлэх ухаан, техникийн их сургуулийн спорт зааланд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд ОХУ-ын Эрхүү мужаас Эрхүүгийн Улсын их сургууль, Үндэсний судалгаа, техникийн их сургууль, Зам харилцааны их сургууль, ОХУ-ын Спортын их сургуулийн Эрхүү хот дах салбар сургууль, Буриадын БНУ-ын Улсын их сургууль, Монгол улсыг төлөөлөн ШУТИС-ийн баг тамирчид уригдан оролцсон юм.

ШУТИС-ийн баг тамирчдын бүрэлдэхүүнд довтлон тоглогчоор Л. Сумьяабазар, А. Адьяа, Б. Лхагвадорж, Б.Мөнх-Ундрах, Т.Одхүү, төвийн байрлалд Б. Санчирболд, Г.Үнэнтөгс, А.Мөнгөнчөдөр хамгаалан тоглогчоор Б.Баттүшиг, Э.Цэрэнням, И.Эрдэнэбаяр, Т.Тэмүүлэн нар очсон.

ШУТИС-ийн сагсан бөмбөгийн баг нь тус тэмцээний “Б” хэсэгт хоёр багийн хамт орж, эхний тоглолтоо Эрхүүгийн зам харилцааны их сургуулийн багтай хийж 69:48 онооны харьцаагаар хожсон. Тэмцээний эхний тоглолт бүр хүнд байдаг бөгөөд Эрхүү мужийн аварга болж байсан энэхүү хүчтэй багтай тун өрсөлдөөнтэй тоглож, оноо тэнцүү явсан хэдий ч Монголын баг чухал ялалтаа байгуулж чадсан юм. Монголын баг хоёр дахь тоглолтоо Эрхүүгийн Улсын их сургуулийн багийн эсрэг хийн, илт давамгай байдлаар 112:36 онооны харьцаатайгаар дуусгав.

Тэмцээний заавар ёсоор хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан ШУТИС-ийн баг нь шууд “А” хэсгийг нэг ч хожигдолгүй тэргүүлсэн Эрхүү хотын үндэсний судалгаа, техникийн их сургуулийн багтай алтан медалийн төлөө тоглов. ШУТИС-ийн баг эхний 2 үеийн тоглолтод талбайн эзэн багт хожигдсон ба 3 дугаар үеэд оноогоо тэнцүүлэн, сүүлчийн үеэд тоглолтын ур чадварыг үзүүлэн, дасгалжуулагч багшийн удирдлагаар хүчтэй өрсөлдөгчөө 60:48 онооны харьцаагаар буулган авч, алтан медаль хүртэн, цомын эзэн болсон юм. Харин хүрэл медалийг ОХУ-ын спортын их сургуулийн харьяа Эрхүү хот дах салбар сургуулийн шилдэг баг хүртсэн билээ.

Тэмцээний шилдэг тоглогчоор Монголын багийн тоглогч Г.Үнэнтөгс, Б. Лхагвадорж, Л. Сумьяабазар нар шилдэгийн шилдэг “MVP” шалгарч, тусгай шагнал хүртлээ.

ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан тус тэмцээнд “ШУТИС-ШАРК” баг түрүүлсэн нь Монголын сагсан бөмбөгийн тамирчдын ур чадвар, сагсан бөмбөгийн хөгжлийг батлан харуулсан бахархам амжилт байлаа.

Тус тэмцээнд амжилттай оролцсон дасгалжуулагч, баг тамирчдад халуун баяр хүргэж, цаашдын тэмцээнүүдэд нь спортын өндөр амжилт хүсэе.

ШУТИС-ийн Захиргаа

Affiliated schools